Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-3-9

Нуталгаа, түүнийг битүүмжлэх (oнол практикийн зарим асуудал)

 

Монгол хэлэнд, бидний одоогийн бичиж заншсанаар бичвэл “нотолгоо” гэмээр энэ үгийг Монгол бичгээр “нуталаг-а” гэж бичдэг бөгөөд түүнийг 1930-аад онд эхийг нь зохиосон Б. Шагжийн тайлбараас харвал: “нута” гэж “маш батыг бат нут хэмээн холбон хэлэлцмой, бас чин нут хэмээхэд хэрэглэмой” гэж[1], “нутлах” гэдэг үгийг “нуталаху” гэж бичээд “нутад санах”[2] гэж тус тус тайлбарлаад “нут – бат нут”, “нутад – батад” гэж жишээ авсан байна[3].

Харин үүнээс 30 гаран жилийн дараа гарсан Я. Цэвэлийн тайлбараас харвал Кирийлээр “нот”, Монголоор “нута” гэж бичээд: “бат; нут; бат нот гэх хоршоо үг” гэж; түүнээс үүссэн үйл үгийг “батлах, бат болгох, нутлах, нут болгох” гэж[4]; нэр үгийг “батлагаа, нутлагаа, нутлагаа сайтай, нутлагаа муутай” гэж (мөн тэнд); “нутлах” гэдгийг “”батлах, гэрчлэх, нотлох” гэж тайлбарлаад, “би чамайг нуталж чадна” гэж жишээ авсан байх ба “нутлагаа” гэдгийг “батлагаа; нутлагаа” гэж тайлбарлаад “нутлагаатай хэрэг, нутлагаа бий” гэж жишээ авчээ. (мөн тэнд, 390 дахь тал). Энэ үгийг Монголоор хэрхэн бичдэгийг тус толинд харвал мөн “нута”, “нуталаху”, “нуталаг-а” гэж бичсэн байна.

Эх хэлний минь нэрт гүүш Б. Ринчин гуай энэ үгийн талаар: “Монгол хэлэнд л-н харилцан солигддог учраас навч-лавч, нуух-луух, лут-нут гэдэг ажээ. Зарим нэгэн орчуулагч нар нутгийнхаа аялгууг дагаж нутыг нот гэх боловч лутыг арай лот гэхийг би дуулаагүй. Хүрээлэнгээс 1936 онд гаргасан толь бичигт энэ байдлыг харгалзан, утга зохиолын дуудлагыг нэгэн мөр болгохын учир, нилээд хянаж тогтсон нь нут-нутлах гэсэн билээ. Монголч эрдэмтний эрдэм шинжилгээний зохиолд ч нут-нутлах гэж дуудлагыг магадлан тогтоосон тул, одоогийн хэвлэлд о-гоор дуудагддаг орчуулагч нарын дуудлагыг баримтлан нот, нотлох гэж бичдэг нь, монгол хэл, хэлний шинжлэлийн баримттай нийлүүлтэл, баахан ташаа болох тул, үнэн зөвөөр нь нутлах гэж бичлээ” гэсэн бий[5].

Тэгэхээр нот гэдэг тэмдэг нэр Монгол хэлний бат гэсэн утгатай, нут хэмээх үгийг буруу дуудсанаас гарсан, ингэж буруу дуудах гээд байгааг 1936 онд дээр дурьдсан хүрээлэн анхааруулж, “нут” хэмээн зөвөөр тогтоож өгч байсан, Б. Ринчин гуай 1956 онд залруулах гэж оролдож байсан ч түүний хэлснээр “нутгийнхаа аялгууг дагасан орчуулагч нар” “одоогийн хэвлэлд о-гоор дуудсаар” байгаад дийлчихсэн бололтой, үүнээс 10 жилийн дараа гарсан тайлбарт нот гэж дуудахыг Я. Цэвэл гуай нэг хувилбар нь болгон оруулж ирсэн үг. Иймээс, хэдийгээр дийлэнхи хүмүүс, түүний дотор манай хуульчид эсэргүүцнэ гэдгийг ойлгож байвч, энэ үгийг “нут” хэмээн залруулж, төрөлх хэлээрээ зөв ярьж суръя гэж санал болгох байна.

Манайхны “нотлох баримт” гэдгийг Англи хэлтэй улсууд “evidence”, эсвэл “proof”, Орос хэлтэй улсууд “доказательство” гэж нэрлэдэг. Манай нотлох баримтыг Англи, Орос хэл рүү орчуулбал “proving fact”, “доказывающий факт” гэж буух бөгөөд бидний ойлгуулах гэсэн нуталгаа гэдэг ухагдахуун гардаггүй тул гадаадынханд хэлмэрч хийж яваа хүмүүс болон гадаад хэлнээс орчуулж буй орчуулагч нар аргагүйн эрхэнд зөв болгон орчуулж ойлгуулахад хүрдэг. Ямар нэг хэлнээс үгийг гадаад хэл рүү орчуулахад тухайн хэлтэй улсууд буруу ойлгохоор бууж байгаа бол үгийг буруу оноосны шинж.

Баримт гэдэг үгийг “гэрч, бат болох юм” гэж тайлбарлаад “баримттай хэрэг, хэргийн баримт, эд мөрийн баримт” хэмээн жишээ авчээ[6].

Тэгэхээр, “Нотлох баримт” гэж бидний нэрлэж заншсан ойлголт Монгол хэлний баримтыг, эсвэл нутлагааг хэлээд байгаа тул энэ хоёр үгний аль нэг нь байхад бидний ойлгуулах гэсэн утгыг бүрэн илэрхийлж чадаж байна.

Мөрдөн байцаалтын аливаа ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох, нутлахад ач холбогдол бүхий баримтыг бэхжүүлэн авдаг. Эдгээр баримтад тавих гол шаардлага нь тэдгээрийг бэхжүүлэхдээ хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчээр баталгаажуулуулан битүүмжилсэн байх. Харин энэ шаардлага, хэдийгээр манай ЭБШХ үүнийг шаарддаг ч, өнөөгийн практикт огт хэрэгжихгүй байна.  

2008 оны 2 дугаар сард ШШҮТ-ийн криминалистикийн хэлтэст ирүүлсэн 388 экспертизийн материалд судалгаа хийж үзэхэд нуталгааны шаардлага ханган савлаж битүүмжилсэн объект огт байхгүй, 75 объектыг буюу 19,3 %-ийг зүгээр л цаасанд боож ирүүлсэн, үлдсэн 80 орчим хувийг буюу 313 объектыг задгайгаар ирүүлжээ.

Үүнээс үзвэл учралын газрын үзлэгээр илрүүлсэн бүх нутлагааны дийлэнхийг савлаагүй байна. Хэн, хаанаас, хэзээ, хэрхэн илрүүлж, бэхжүүлж, битүүмжилснийг батлаж чадахгүй, задгай объектод экспертиз явуулан гэм бурууг тогтоож, эсвэл үгүйсгэж байгаа нь хүний эрх, эрх чөлөө, шударга ардчилсан ёсыг дээдэлсэн манай хуулинд байж огт болшгүй зүйл. Дэлхийн криминалистикийн түүхэнд “Сиймспсаны хэрэг” хэмээн алдаршсан, АНУ-ын хөл бөмбөгийн од Ж. Сиймпсана (J. Simpson) өөрийн салсан эхнэрээ найзынх нь хамтаар алсан хэрэг чухам нутлагааг битүүмжлээгүйн харгайгаар шүүхээс буцаж, өмгөөлөгч нь цусан мөрөөр ДНХ-ийн экспертиз хийсэн дүгнэлтийг “Энэ цусан мөрийг хүн алсан газраас илрүүлсэн чухам тэр мөр мөн гэж та бүхэн хэрхэн нутлахсан бол?” хэмээн баалж доромжилсоор Сиймпсаныг ял завшуулж байсан гэдэг. Өмгөөлөл сайн хөгжсөн барууны оронд ийнхүү яллагдагчийн талд ашигтай шийдэж байгаа хэдий ч манайд ийнхүү “харанхуй” экспертиз хийж байгаа нь иргэдэд үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчих нэг үндэс болж мэдэх зүйл.

Үзлэг, нэгжлэг зэрэг ажиллагааны явцад илрүүлсэн, нутлах ач холбогдол бүхий зүйл, мөрийг тухайн ажиллагааны тэмдэглэлд тусгаж, хөндлөнгийн гэрчүүдээр баталгаажуулуулж хэрэгт хавсаргасан цагаас эхлэн байцаан шийтгэх ажиллагааны хүчин төгөлдөр нутлагаа болно, харин тэгж эс чадвал материаллаг ертөнц дээрх жирийн л нэгэн объект гэдгийг Сиймспсаны хэрэг нутлана.

Нутлагаа буюу баримт хэрэв биет зүйл байгаа бол түүнийг “эд мөрийн баримт” гэж нэрлээд байгаа нь бас л эргэж харууштай нэр. Эд гэдэг үгийг тайлбараас харвал хүний хэрэглэл гэдгээс гадна Б. Шагжийн тольд “эд бөглөх – эд хүргэж өршөөл гуйх; эд хожих – мэхлэж хэтэрхий олох; эд зөөх – бусдын хоорондоос хонжих” гэж[7], Я. Цэвэлийн тольд “эд бөглөх – хахуулилах, хахууль өгөх; эд хожих – худалдаа гүйлгээний хонжлого буюу хүү, хөлсийг илүү мэхлэн авах; эд авах, эд жавших – хахууль авах; эдийн эзэн – хулуугдсан юмны эзэн; эд хуваах – а. хүний эд хогшил зэргийг хуваалцах, б. хулгайн эд юмыг учир мэдэж хуваан авалцах” зэргээр их төлөв сөрөг утгатай байгаа нь[8] бидний ойлгуулах гэсэн ухагдахуунтай утга дүйхгүй байх тул биет баримт гэж нэрлээд зүйл гэдэг ухагдахуунд багтааж ойлгууштай (англиар “physical evidence” эсвэл “material evidence”, оросоор “вещественное доказательство”).

Монгол Улсын ЭБШ хуулийн 79 дүгээр зүйлийн 1-д нутлагааг: “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн тодорхойлж өгсөн. Энэ үгүүлбэрт байх ёстой таслалыг орхисноос манай ЭБШ хууль гэмт хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл журмыг зааж өгдөг юм шиг ойлголт төрдөг. Биднийг оюутан байхад ЭБШЭЗ-н хичээл ордог багш нар цэг, таслалын ач холбогдлыг “казнить, нельзя, помиловать” гэж 3 үгэн дээр тайлбарлаж, “‘казнить, нельзя помиловать’ гэвэл ‘цаазал, өршөөж болохгүй’, ‘казнить нельзя, помиловать’ гэвэл ‘цаазалж болохгүй, өршөө’ болчихдог, тэгэхээр хуулийн ажилтан та бүхэн ганц таслалаар хүний амь, амьдралыг шийдэж болох учир хуулийн хэл найруулгадаа сайн анхаар” гэдэг байсан. Хэрэв эрүүгийн байцаан шийтгэх хууль гэмт хэргийн нөхцөл байдлын талаархи үндэслэл журмыг зааж, журамлаж өгдөг юм бол тэр журмын дагуу үйлдсэн гэмт хэрэг хууль ёсны болж таарна. Энэхүү тодотгол үндэслэл журамд биш, баримт сэлт, мэдээлэлд хамаарч: “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаархи баримт, зүйл, мэдээллийг энэ хуульд заасан үндэслэл журмыг баримтлан илрүүлж тогтоосныг нутлагаа гэнэ” гэвэл илүү ойлгомжтой.

Нутлагааг олж авдаггүй. Олдохыг нь хүлээн сууж байгаад, олдвол хэргийг шийднэ, олдохгүй бол хаяна гэвэл хуулийн ажилтан ч, хууль хяналтын байгууллага ч байх шаардлагагүй. Хуулийн ажилтнууд ихээхэн цаг, хөдөлмөр зарж, тодорхой ажиллагаа явуулж байж, алга байсан зүйлийг илрүүлэн тогтоодог тул ЭБШЭЗ-д илрүүлэх гэж нэрлэх нь зүйтэй.

Үзлэг, нэгжлэг зэрэг ажиллагааны явцад илрүүлэн тогтоож буй нутлагааг битүүмжлэх асуудлыг хурцаар тавихыг өнөөгийн практик шаардаж байна. Англи хэлтэй улсууд “packaging”, Орос хэлтэй улсууд “упаковка” хэмээн нэрлэдэг энэ ажилагааг манай ЭБШХ-д “лацдах”, “битүүмжлэх”, эсвэл “лацдаж битүүмжлэх” гэдэг. Мөн хуулийн 86.4-д: “Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг авсны дараа лацдаж битүүмжлээд ...” гэж заасан бий. Үзлэгийн тэмдэглэл хөтлөх журмыг тусгасан 130.2-т: "Тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн бүх ажиллагаа, үзлэгийн  явц, илэрсэн болон хурааж авсан, битүүмжилсэн эд зүйл, цаг агаарын нөхцөл, хэрэглэсэн техник хэрэгсэл, лац, эд мөрийн баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг хэрхэн хадгалсан, шийдвэрлэсэн, эхэлсэн, дууссан цаг хугацаа зэргийг дэс дарааллаар нь нэг бүрчлэн тодорхой бичнэ” гэж заасан. Энэ зүйлийн “битүүмжлэх” гэдэг нь эд хөрөнгө битүүмжлэхийг, лац гэдэг нь нутлагааг битүүмжлэхийг хэлж байгаа хэрэг. Энэ 2 зүйлийн шаардлагаас харвал нутлагааг үзлэгээр бэхжүүлэн авахдаа ч, дараа нь хэргийн материалд хавсаргахаар хадгалахдаа ч битүүмжлэн лацдаж байх ёстой.

Нутлагааг битүүмжлэх гэж мөрдөн байцаалтын аливаа ажиллагааны явцад илрүүлж тогтоосон зүйлийг зүгээр л уут, саванд хийж хэргийн материалд хавсаргахыг бус: “Тухайн объектын төлөв, байрлал, хэлбэр, өнгө, бусдаас ялгах онцлог шинж зэргийг хөндлөнгийн гэрчүүдэд сайтар харуулж, боломжийн хирээр нүдлүүлэн, ямар саванд, хэрхэн боож, ямар тэмдэглэгээ хийж, ямар тамга, тэмдэг дарсныг тэдэнд мөн харуулж, боож цэгцлэн савлаад, түүнийгээ дүрслэх хэрэгслээр бэхжүүлж, тухайн ажиллагааны тэмдэглэлд тусгах”-ыг хэлбэл зохилтой.

Нутлагааг бэхжүүлэхийг журамласан 93 дугаар зүйлд огт журамлаагүй, илрүүлэх ажиллагааг журамладаг үзлэг, нэгжлэг, хураан авах зэрэг зүйлүүдэд цухас журамласан нь задгай объектод экспертиз хийх үндэс болдог байж мэднэ.

ЭБШХ-ийн 93 дугаар зүйлд: дээрхи тодорхойлолт болон “Хэрэгт цуглуулсан нутлагааг заавал битүүмжлэх бөгөөд түүнийг хэрхэн битүүмжилсэн тухайгаа түүнийг илрүүлж, тусгаарлан авсан ажиллагааны тэмдэглэлд тусгана” гэсэн заалтыг нэмж оруулах шаардлагатай. “Битүүмжилсэн зүйл дээр хийх тэмдэглэгээнд дараах зүйлийг заавал тусгасан байна. Үүнд:

- үзлэг хийсэн газрын хаяг,

- гэмт үйлдлийн товч агуулга,

- битүүмжилсэн он, сар, өдөр,

- битүүмжилсэн албан тушаалтан, мөрдөн байцаагч, хөндлөнгийн гэрчүүдийн нэрс, гарын үсэг,

- битүүмжилсэн арга,

- ямар хэлбэр, үг, тоо бүхий лацыг юугаар дарсан болох зэрэг болно”[9].

Жишээлбэл, учралын газарт явуулсан үзлэгийн явцад илрүүлсэн, гарын муу үзэгдэх мөрийг тусгаарлан авч савлахдаа: “...Хашаанд байх байшингийн зүүн талын ханан дахь цонхны 40х60 см хэмжээтэй хүрээний шилийг хагалсан байх ба шилний хагархайн дийлэнхи дотор талдаа, цонхон дор унасан байна (Зураг ¹…-г үзнэ үү).

Харин гадна талд, цонхтой харьцангуй харалдаа, газарт, авч хаялсан байж болох, хэсэг шилний хагархай хэвтэх бөгөөд (Зураг ¹…), байшингийн сууриас 70 см, урд булангаас 2,4 метр зайд хэвтэж байсан шилний хагархайд энгийн ажиглалтын аргаар үзлэг хийхэд уг хагархайн үзүүр хэсгийн хоёр тал дээрээс гарын муу үзэгдэх, өнгөц мөр байгааг илрүүлэв. Уг хагархай байсан цэгээс байшингийн хананд перпендикуляр буулгасан цэгээс байшингийн урд булан хүртэл 2,25 метр байв. Хэмжилтийг 5м-ийн эвхдэг метр ашиглан хийв

Гарын мөр бүхий шилний хагархай хурц өнцөгт гурвалжин хэлбэртэй, нэг тал нь цэвэрхэн, нөгөө тал нь нимгэн, өлөн шороотой байна. Шилний талуудын урт 13х26х24 см ба 13 см тал шулуун хэлбэртэй байх бөгөөд цэвэрхэн тал дээрээ ногоон өнгийн, хатсан замазкатай байна (Зураг ¹…). Гарын мөр замазкатай талын эсрэг байрлах, хурц өнцөгтэй үзүүр талд, шилний 2 тал дээр илэрсэн бөгөөд цэвэрхэн талд дээр төв нь тодорхой, гогцоо хээ бүхий, 1,7 см өргөнтэй, 2,3 см буюу шилний хагархайн өргөнтэй тэнцүү урттай, хөлсөн мөр, түүний харалдаа, шороотой тал дээр, салангид папилляр шугам бүхий, төв болон дельтагүй, 0,4х0,3 см; 0,3х1,2 см хэмжээ бүхий, зэрэгцээ байрласан 2 мөр байна. Цэвэрхэн талд байгаа гарын мөрний байрлал 26х24 см талд хөндлөн чиглэлтэй байх ба баруун гар талын захын цэг нь энэ талын торгон үзүүрээс 1,2 см зайд байрлаж байна. Хэмжилтийг штанганциркуль ашиглан хийв.

Шилний хагархай байсан газар, түүн дээрхи гарын мөрний онцлог шинжийг хөндлөнгийн гэрчүүдэд харуулан гарын мөрний гэрэл зургийг 3 дугаартай уртасгагч цагираг ашиглан авсны (Зураг ¹…) дараа шилний 3 үзүүрийг 3 см зузаантай цагаан өнгийн хөөсөнцөрийн зузааныг голлуулан шигтгэж, шилний 2 талыг юманд шүргэхээргүй хөндийрүүлээд, 15х27х3 см хэмжээтэй, гадна тал нь цагаан, дотор тал нь саарал, хатуу картонон хайрцагт хийж, гадуур нь цагаан өнгийн “0”-ийн утсаар тоонолжилж уяад зангилгаан дээр ногоон өнгийн баримлын шавар нааж “ШУТХ-3” гэсэн тэгш өнцөгт хэлбэртэй лацаар лацдав. Хайрцагны лацтай талд “1992.06.27-нд ХУД-ийн 5-р хороо, Арцатын 7-231 тоотод хийсэн үзлэгийн явцад тусгаарлан авсан гарын мөр бүхий шилний хагархай-1ш.” гэж гараар, хөх өнгийн тосон балаар бичиж хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулав (Зураг ¹…)...” гэх маягаар бичнэ.

Эрх бүхий субъектын даалгаснаар /томилсноор биш/ экспертиз хийлгэх гэж ирүүлсэн объектод экспертиз хийхээр задласан эксперт, ирүүлсэн объектын төлөв, түүн дээрхи бичиг, тэмдэглэл, хэрхэн битүүмжилснээс эхлэн бичиж, задлахад гарч ирсэн зүйл, түүний төлөв, хэлбэр, хэмжээ, ерөнхий болон хувийн онцлог шинжийг нэгбүрчлэн бичсэнээр экспертиз хийлгүүлэхээр ирүүлсэн чухам тэр объектод эксперт экспертиз хийжээ гэдгийг хөндлөнгийн хүмүүс мэдэх болно. Манай практикт экспертүүд үүнийг хагас дутуу хийдэг.

Экспертизийг хийж дуусаад эксперт түүнд ирүүлсэн объектыг өөрт нь ирүүлсэн яг тэр маягаар битүүмжилж, хэрхэн битүүмжилсэн, ямар лац, тэмдэг дарснаа болон хэнд хүлээлгэн өгснөө экспертийн дүгнэлтийн төгсгөлд бичиж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулснаар уг нутлагаа экспертиз хийлгүүлэхээр ирүүлсэн субъектад солигдохгүйгээр очих нөхцлийг хангана. Үүнийг манайд огт хэрэгжүүлдэггүй, экспертиз хийсэн объектыг их төлөв задгайгаар буцаан хүргүүлдэг.

Дүгнэлт: Манай ЭБШЭЗ-д хэрэглэж буй “нотлох”, “нотлох баримт”, “эд мөрийн баримт”, “олох” зэрэг нэр болон ЭБШХ-ийн зарим заалтад шүүмжлэлтэй хандах шаардлагатай байгаа бөгөөд нутлагааг битүүмжлэх журмыг мөрдөхгүй байгаа нь иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчих үндэс болохоор байна.

Санал: 1. Нотлох гэдэг үг Б. Ринчин гуайн хэлснээр “монгол хэл, хэлний шинжлэлийн баримттай нийлүүлтэл, баахан ташаа болох тул” ЭБШЭЗ-д нутлах хэмээн зөвөөр хэрэглэх,

2. “Нотлох баримт” гэдэг үгийг “баримт”, эсвэл “нутлагаа” гэдэг үгний аль нэг нь илэрхийлж бүрэн чадаж байгаа тул энэ 2 үгний аль нэгээр нэрлэж занших,

3.  “Эд мөрийн баримт” хэмээх хэллэгийг “биет баримт” болгон залруулж хэрэглэх,

4. “Олох” гэдэг үгийг ЭБШЭЗ-д “илрүүлэх” гэж хэрэглэх,

5. Монгол улсын ЭБШ хуулийн 79.1-д: “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн тодорхойлсныг: “Гэмт хэргийн нөхцөл, байдлын талаархи баримт, зүйл, мэдээлэл зэргийг энэ хуульд заасан үндэслэл журмыг баримтлан илрүүлж тогтоосныг нутлагаа гэнэ” гэж залруулах,

6. Битүүмжлэх ажиллагааг ЭБШЭЗ-д 2 ухагдахуунаар ойлгож, ЭБШХ-ийн 93 дугаар зүйлд: “Нутлагааг битүүмжлэх гэж тухайн объектын төлөв, байрлал, хэлбэр, өнгө, бусдаас ялгах онцлог шинж зэргийг хөндлөнгийн гэрчүүдэд сайтар харуулж, боломжийн хирээр нүдлүүлэн, ямар саванд, хэрхэн боож, ямар тэмдэглэгээ хийж, ямар тамга, тэмдэг дарсныг тэдэнд мөн харуулж, боож цэгцлэн савлаад, түүнийгээ дүрслэх хэрэгслээр бэхжүүлж, тухайн ажиллагааны тэмдэглэлд тусгахыг хэлнэ” гэсэн тодорхойлолт, “Хэрэгт цуглуулсан нутлагааг заавал битүүмжлэх бөгөөд түүнийг хэрхэн битүүмжилсэн тухайгаа түүнийг илрүүлж, тусгаарлан авсан ажиллагааны тэмдэглэлд тусгана” гэсэн заалтыг нэмж оруулах,

7. Гэмт хэрэгт нутлагаа болгон ашиглаж буй объектыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид учралын газраас дээрхи маягаар бэхжүүлж, битүүмжилж байх,

8. Экспертиз явуулсан эксперт ямар байдлаар битүүмжилж ирүүлсэн зүйлд экспертиз хийсэн болох болон, экспертиз хийсний дараа хэрхэн битүүмжилж буцаан хүргүүлсэн зэргийг экспертийн дүгнэлтэнд заавал тусгаж байх,

9. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, экспертизийн албаны холбогдох албан тушаалтнууд, хэргийн материалтай танилцаж буй цагдаагийн байгууллагын дарга нар, хэрэгт хяналт тавьж буй прокурор, хэргийг шийдвэрлэж буй шүүгч нар нутлагааг битүүмжилсэн байхыг шат шатандаа шаардаж байх,

10. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2007 онд батласан, манайд одоо мөрдөж буй “Эрх зүйч мэргэжлийн стандарт”-аар криминалистикийн хичээлийг хассан тул нутлагааг хэрхэн илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, ашиглах талаар эрх зүйч мэргэжилтнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрт тусгай курсээр заавал судлуулах,

11. Битүүмжлээгүй нутлагааг МУ-ын ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан ЭБШ ажиллагаанд ашиглахыг хориглох зэрэг болно.



[1] Б. Шагж. “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн эрхи”, Монгол үгний тайлбар толь. Бээжин. 1994. 234 дахь тал.

[2] Б. Шагж. Монгол үсгийн дүрмийн толь. Уб. 1996., Хөх хот 1997. 216 дахь тал.

[3] Мөн тэнд.

[4] Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар., 1966. 382 дахь тал.

[5] Б. Ринчин. “Эх хэлээ энхрийлж үгний боловсролыг эрхэмлэе”. Монгол хэлбичгийн зарим асуудлууд. Улаанбаатар. 1956

[6]Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар., 1966. 76 дахь тал)

[7] Б. Шагж. Монгол үсгийн дүрмийн толь. Уб. 1996., Хөх хот 1997. 65 дахь тал.

[8] Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар., 1966. 870 дахь тал.

[9] Б. Жаргалсайхан. Учралын газрын үзлэг. Улаанбаатар. 2008. 29 дэх тал.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-3-10 -

Бичсэн: Blessing Tara
баярлалаа
Цэвэлийн толийг нэт-с хайгаад олж байгаагүй. нэт-д тавигдчихвал уг нь их л хүмүүс хэрэглэх байх даа.
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 18 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant