Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-25

ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал

ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал[1]
 
Бие даасан аливаа шинжлэх ухаан бүр өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны объект, зорилго, хөгжлийн хуультай бөгөөд нэгдмэл ойлголт, шинжлэх ухаанлаг тодорхойлолт бүхий мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд түүнийгээ эрэмблэн журамлах өөрийн гэсэн хэлтэй байдгийг бид мэднэ. Хэл нь тухайн шинжлэх ухааны агуулга, судлагдхууныг нэг мөр болгон цэгцэлж, нэгдмэл нэр томъёог ашиглан хөгжүүлэхэд онцгой нэмэртэй.
Криминалистикийн хэл нь “уг шинжлэх ухааны агуулгыг оновчтой илэрхийлж чадах ойлголт, тодорхойлолт, нэр томъёо, таних тэмдгийн тогтолцоо”[2] билээ. Ингэж эрэмбэлж, цэгцэлсэн зүйл байхгүйгээс, ерөөс “криминалистикийн хэл” хэмээх ойлголтыг тун бага ухаардгаас, манайд криминалистикийн хамгийн энгийн ойлголт ч нэр томъёоны хувь цэгцлэгдээгүй явж байна. Тухайлбал “гарын мөр” хэмээх ойлголтонд хүн эд зүйлстэй харьцах үед түүний алганы хэсгийн арьсны бүтцийн болон бээлийний онцлог шинж тэмдэг тэдгээр эд зүйлсийн гадаргууд тусгагдан үлдсэн ормыг хамааруулдаг боловч түүнийг хурууны хээ, хурууны мөр, гарын хээ, гарын дардас гэх зэргээр олон янзаар нэрлэдэг. Гэтэл хурууны хээ гэж өндөгний болон түүний дараагийн хоёр үеийн арьсны бүтцийн онцлог шинжийг, хурууны мөр гэдэг нь түүнээс үлдсэн ормыг, гарын хээ гэж алганы хэсгийн арьсны бүтцийн онцлог шинжийг, гарын хээний дардас гэж гарын хээг будагч бодисын тусламжтайгаар хавтгай гадаргууд буулгасныг тус тус хэлдэг. Энэ бүгд өөр өөр ухагдхуун тул андуурч будилах, гуйвуулах явдал гарч болох үндэс болохыг үгүйсгэх аргагүй. Иймэрхүү энгийн, жижиг зүйлээс эхлэн эмхэлж журамлаагүй, нэгдмэл ойлголтонд оруулаагүй зүйл нилээд байгаа учир манай хуулиудад ч мушгин тайлбарлаж болохоор зүйл нилээд байгаад анхаарлаа хандуулж, криминалистикийн хэлний нэгдмэл нэр томъёонд оруулан эрэмблэх цаг нэгэнт иржээ. Хуулийн ухагдхуун, нэр томъёо хүнд буруу ойлгогдохоор, түүнийг гуйвуулан тайлбарлаж болохоор байж огт болохгүй, энэ нь хуулийн цоорхой гэгддэг хийдэл гарах эх сурвалж болж өгнө. Үүнийг бичигч би эрх зүйч мэргэжилтэй ч криминалистикийн чиглэлээр дагнан ажилласан тул эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн чиглэлээр ажилласан нь мөрдөн байцаалтын зарим ажиллагаанд мэргэжилтнээр оролцож явснаас хэтэрсэнгүй. Гэсэн хэдий ч Монгол улсын ЭБШХ-д буй, энэ ажил мэргэжилтэй холбоотой зарим заалтанд онол, практик, криминалистикийн болон Монгол хэл зүйн хувьд шүүмжлүүштэй зүйл мэр сэр буйд сэтгэл зовниж явдгаа өргөн олон та бүхэнд хүргэе.  
46 дугаар зүйл. Шинжээч
46.1. “Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоолоор, шүүгч захирамжаар томилно” гэсэн бий.
ЭБШЭЗ-д “шинжилгээ” хэмээх ойлголтоор манайхны авч үзэж буй тэр ухагдхуун нь шинжилгээ бус “экспертиз” байх ёстой зүйл. Учир нь Оросоор “исследование”, Англиар “research” хэмээх үг нь Монгол хэлнээ буулгавал “судалгаа” гэсэнтэй утга дүйх үг. Энэ үгнээс үүссэн “исследователь”, “researcher” хэмээх нэр үгийг Монгол хэлнээ “судлаач” гэж буулгавал зохилтой ч манайхан шинжээч хэмээн орчуулдаг. Харин Оросын “экспертиза” хэмээх үг нь Английн “examination” гэдэг үгтэй утга дүйдгийг манайхан мөн л шинжилгээ хэмээн орчуулж түүнийг хийж буй экспертийг шинжээч гэж нэрлэдэг. Экспертиз хэмээх энэхүү үг нь Латин хэлний “expertus” буюу “туршлага” гэсэн үгнээс үүсэлтэй Францын ”еxpertise” гэсэн үг бөгөөд Орос хэлэнд тэр хэвээр нь хэрэглэсэн байдаг. Судлаач биш, эксперт буюу шинжлэх ухаан, техникийн тусгай мэдлэгийг гаргууд эзэмшсэн, мэргэжилтэн хүний тэр мэдлэгийг ЭБШЭЗ-д ашиглахыг судалгаа ч биш, шинжилгээ ч биш, экспертиз хэмээн нэрлэвэл зохилтой. Иймээс ЭБШХ-ийн энэ зүйл нь шинжээч биш эксперт, шинжилгээ бус экспертизийн талаар ярьж байгаа болно.
Харин практик мэдлэгийн олон жилийн туршлага дээр суусан прагматик тусгай мэдлэгийг ЭБШЭЗ-д ашиглахыг шинжилгээ гэж, түүнийг хийж явуулдаг хүнийг шинжээч гэж нэрлэх нь зохилтой. Монголчууд эрт дээр үеэс морь шинжээч, мөр шинжээч /анч/, чулуу шинжээч, газар шинжээч хүмүүсийн тусгай мэдлэгийг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэж ирсэн жишээ их бий. Эдгээр хүмүүс шинжлэх ухааны системтэй, нарийн мэдлэгтэй байгаагүй, ихэнхдээ практик амьдралын туршлагаар хуримтлуулсан, олон жилийн ажиглалтын үр дүнд батлагдсан, цөөн зарим нэг нь ном судраас гэрийн боловсролоор эзэмшсэн тийм л мэдлэгтэй хүмүүс байсан. 
Эксперт нь шинжлэх ухааны тусгай мэдлэгийн, шинжээч нь практикийн тусгай мэдлэгийн зарим салбарт дээд түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн хүн байх ёстой бөгөөд экспертийн тусгай мэдлэгийн үр дүнг дүгнэлт хэлбэрээр, шинжээчийн тусгай мэдлэгийн үр дүнг байцаалт хэлбэрээр тус тус ашиглах ёстой болов уу. ОХУ-ын ЭБШ хуулийн тайлбарт: “Эксперт гэж шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарт тусгай мэдлэг эзэмшсэн хүнийг хэлнэ”[3] гэсэн байдгийг манайхан мөн л орчуулан авсан бөгөөд ингэхдээ шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарыг нь орхигдуулан чухам ямар салбарыг дурьдалгүйгээр “шинжээчийн тусгай мэдлэг нь түүний мэргэжлийн ур чадвар, ажилласан туршлага, эрхэлж байгаа албан тушаал зэргээр тодорхойлогдоно”[4] гэж тайлбарласан байдаг. Туршлага гэсэн утгатай, Англи хэлний “skill” гэдэг үгийг Оросууд “мастерство, искусство” хэмээн орчуулдаг нь мэргэжил, дадлаа урлаг болтол нь эзэмшсэн хүний тухайд утга дүйх үг. Английн “skilful”, Оросын “искусный” гэдэг нь манайхаар бол гаргууд гэдэг үг. Мэргэжил, мэдлэгээ ингэж гаргууд эзэмшсэн хүнийг л эксперт гэж нэрлэдэг бөгөөд тэр мэдлэг нь шинжлэх ухааных ч байж болно, практик амьдралын туршлагынх ч байж болно. Эксперт хэмээх үгийг Англи хэлний тайлбар тольноос харвал “having a high level of knowlege or skill; specialist” буюу “дээд зэргийн мэдлэг буюу туршлагатай хүн, мэргэжилтэн”[5] хэмээн тодорхойлжээ. Экспертизийн талаар манай нэрт криминалист, доктор Ж. Хурцгэрэл “ЭБШЭЗ-д экспертизийг “шинжилгээ” хэмээн авч үздэг нь буруу. Шинжилгээг хэн ч хийнэ. Харин экспертизийг шинжлэх ухааны танин мэдэхүйн тухайн салбарт тусгайлан бэлтгэгдсэн, түүнийг хийх эрх бүхий мэргэжилтэн хийх бөгөөд түүнийг эксперт гэж нэрлэдэг”[6] гэсэн байдаг.
Энэ зүйлд яригдаж байгаа “зохих байгууллагын шинжээч” гэсэн тодорхойлолт нь огт хэрэгцээгүй шаардлага. Жишээлбэл, учралын газраас илрүүлсэн гутлын мөрөөр улыг их биед барьсан аргыг тогтоолгох шаардлага гарлаа гэвэл ямар “байгууллагын шинжээч” энэ экспертизийг хийх вэ? Эзэмшсэн мэргэжлээ урлаг болтол хөгжүүлсэн, арвин их дадлага, туршлагатай, сайн гуталчин хүн энэ экспертизийг хийж явуулна. Гуталчин хүн “зохих байгууллагын шинжээч” байхгүй нь ойлгомжтой бөгөөд “тусгай мэдлэг” гэдэг ухагдхуун ч заавал дээд боловсролоор олж эзэмшдэг мэдлэг биш. Түүнчлэн энэ тохиолдолд эксперт нь эрдэм шинжилгээний ажилтан бус, бичиг үсэггүй нэгэн байж ч болох тул энэ экспертизийн тухайд шинжлэх ухааны мэдлэгийг бус, гар урлалын салбарт экспертийн эзэмшсэн тусгай мэдлэгийг ашиглаж буй хэрэг. Энэ мэтчилэн ан агнуур, мал амьтны нас, зүс, ул мөрийн талаар нутаг орондоо алдаршсан хүмүүс экспертизийн аргачлалыг мэдэхгүй тул тэдний эзэмшсэн тусгай мэдлэгийг ЭБШЭЗ-д ашиглахдаа шинж тэмдэг, судалгаа, туршилтын аргачлалыг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид байцаалтанд тусган авч нотлогоо болгох ёстой.
Энэ зүйлд зааснаар “зохих байгууллагын шинжээчийг” л “шинжээч” гэх юм бол дээр авсан жишээний гуталчин, эсвэл энэ хуулийн 159.1-д зааснаар “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж” байгаа бол түүнийг явуулж буй мэргэжилтэн нь энэ “шинжээч” хэмээх тодорхойлолтонд хамаарах уу? гэдэг асуудлыг юу гэж тайлбарлах вэ? “Зохих байгууллагын шинжээч” биш тул 46.1-д заасан “шинжээч” биш болж таарлаа, тэгэхээр процесийн хэн гээч оролцогч болж таарах вэ? Тусгай мэдлэгийг нь ашиглаж байгаа, тэр нь хэрэгт зохих ач холбогдлоо өгч, ЭБШ ажиллагааны оролцогч болж байгаа болохоор ЭБШХ-ийн 131; 127,5 зэрэг зүйлд заасан “мэргэжилтэн” л болдог байх даа. Учир нь мэргэжилтэн гэж тийм хүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт манай ЭБШХ-д байдаггүй, түүний эрх зүйн байдлыг тусгайлан заагаагүй[7]. Экспертизийг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэнэ гэдэг нь ямар нэгэн байгууллагын экспертийг биш, тухайн экспертиз хийхэд зайлшгүй шаардлагатай тусгай мэдлэг эзэмшсэн хэн нэгэн мэргэжилтнийг урьж экспертиз хийлгэхийг л хэлж буй хэрэг. Тэр мэргэжилтэн шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарт тусгай мэдлэг эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлагыг л хангаж байх ёстой болохоос хаа нэгэн газарт заавал ажилладаг байх, заавал дээд боловсролтой байх огт албагүй.
Шинжилгээний байгууллага гэж чухам ямар байгууллагыг хэлэхийг манай ЭБШХ тодорхойлж өгөөгүй, зөвхөн “Ихэнх тохиолдолд шинжилгээг төрөлжсөн шинжилгээний байгууллагад хийдэг”[8] хэмээн тайлбарладаг тул манай хуульчдийн дийлэнхи нь зөвхөн цагдаагийн шинжилгээний байгууллагыг түүнд ойлгож, шинжилгээний бусад байгууллагыг “гадуур” хэмээн ойлгож яваа. Одоогийн манай бүтэц, зохион байгуулалтаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг цагдаагийн бүтцээс гарган ХЗДХЯ-нд харъяалуулах болсон тул тэнд хийсэн экспертизийг “шинжилгээний байгууллагаас гадуур” хийлгэж байна гэж ойлгож буй хуульчид ч мэр сэр бий л байх. Уг нь экспертизийн байгууллага гэж тухайн төрлийн экспертизийг явуулахад шаардагдах тусгай мэдлэгийн хүрээнд эрдэм шинжилгээ, туршилтын болон экспертизийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагыг, эксперт гэж тийм тусгай мэдлэгийг шинжлэх ухааны түвшинд, шинжээч гэж мөн тийм мэдлэгийг практикийн түвшинд тусгайлан эзэмшсэн этгээдийг тус тус хэлэх ёстой.
Мөн криминалистикийн болон “шүүх эмнэлгийн” /анагаах ухааны криминалистикийн гэмээр, Англиар forensic medicine гэдэг нь даруй криминалистикийн анагаах ухаан гэсэн үг болой/ экспертизийг зөвхөн мэргэжлийн байгууллагын экспертүүд хийж явуулна гэсэн заалт ч оруулж өгүүштэй.
Шинжээчийг томилох гэдэг нь бас л буруу нэр томъёо. Энэ талаар доктор, Ж. Хурцгэрэл: “Шинжээчийг эрх бүхий албан тушаалтан, өөрийн тушаалаар томилсон байдаг. ЭБШЭЗ-д ямар нэгэн хүнийг албан тушаалд томилох журам байхгүй, тийм эрх ч байхгүй. Иймд экспертизийг томилох биш, экспертиз хийлгэх тухай тогтоол (постановление о назначении экспертизы) гаргана”[9] гэжээ. Тэгэхээр энд хэн нэгэн мэргэжилтнийг албан тушаалд томилох биш, эрх бүхий сайд, даргын тушаалаар албан тушаалд хэдийн томилогдчихоод, тэр мэргэжлээрээ ажиллаж байгаа мэргэжилтэн хүнээр шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарт шинжлэх ухаанлаг экпертиз хийлгэх, эсвэл эдгээр салбарт бага судлагдсан бусад зарим салбарт асар их практик туршлагатай хүний хуримтлуулсан тусгай мэдлэгийг ашиглах тухай асуудал яригдаж байна. Иймд ЭБШХ-ийн дээрхи заалтыг:
“46 дугаар зүйл. Эксперт
46.1. Шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийг эксперт гэх бөгөөд тухайн хэрэгт хувийн сонирхолгүй экспертийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол гаргаж, шүүгч захирамж гарган экспертиз хийлгэнэ” гэх нь зүйтэй болов уу.
Үүнтэй холбоотойгоор дээрхи салбарт практикийн тусгай мэдлэг эзэмшсэн,  дадал туршлагатай этгээдийг шинжээч гэнэ хэмээн оруулж шинжилгээ хийлгэх журмыг экспертизтэй төстэйгээр боловсруулах шаардлагатай.
46.2. “Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргана” хэмээн заасан байна. Дүгнэлт хэрхэн гарч буйг бид мэднэ. Увсын, эсвэл Дорнот аймгийн эрх бүхий албан тушаалтны “шинжээч томилох” тухай тогтоолыг үндэслэн Улаанбаатарт Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн “шинжээч” дүгнэлт гаргаад түүнийгээ шуудангаар явуулж байгаа нь энэ заалтыг зөрчиж байна. Энэ зүйлийн шаардлагын дагуу тухайн “шинжээч” “шинжилгээ” явуулахад шаардлагатай лаборатори, хэрэгсэл төхөөрөмжөө авч дуудагдан очоод газар дээр нь дүгнэлт гаргаж өгөх ёстой болохоор өөр газарт хийгээд шуудангаар дайн явуулж буй дүгнэлт ЭБШ хуулийн 79.4-д зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд түүнийг мөн хуулийн 8.2-т зааснаар хүчингүйд тооцож, “томилсон” албан тушаалтан болон биечлэн очиж дүгнэлт гаргаж өгөөгүй “шинжээч” нарт арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр ЭБШХ-ийн 46.2 нь “шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж” буй тохиолдолд хамаарсан заалт учраас “албан байгууллагад ажилладаггүй эксперт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэсэн тодотголыг оруулж өгөх, эсвэл бүр хасах хэрэгтэй юм. Хэрэв ийм тодотгол оруулж өгвөл, үүнтэй холбоотойгоор “шинжилгээний байгууллагын шинжээч” дүгнэлтээ хэрхэн гаргахыг зааж: “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх экспертиз хийлгэхдээ энэ тухай тогтоолыг экспертиз хийх чадамж бүхий байгууллагад хүргүүлэх бөгөөд уг байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуваарьласнаар эксперт экспертизийг байгууллага дээрээ хийж, дүгнэлтээ тогтоолыг ирүүлсэн газарт хүргүүлнэ” хэмээн оруулж өгмөөр. Ийм саналыг одоо мөрдөж буй ЭБШХ-ийн төслийг 2002 онд батлуулахаар хэлцүүлж байхад Цагдаагийн Академийн Криминалистикийн тэнхимийн хурлаас гарган хүргүүлж байсан.
86 дугаар зүйл. “Эд мөрийн баримт, түүнийг хадгалах” гэсэн зүйлийг “Биет баримт, түүнийг бэхжүүлэх, хадгалах” гэж, 86.2-т буй “Эд мөрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, хэрэгт хадгалах ба гэрэл зураг, дүрс бичлэг авч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгт хавсаргана” гэснийг “Биет баримтыг бэхжүүлэхээр тодорхойлон бичих, схем, план масштаблан үйлдэх, гар зураг үйлдэх, гэрэл зураг авах, дүрс, дуу авианы бичлэг хийх, хуулбар үйлдэх, хэв цутган авах, эсгүүр үйлдэх, загвар макет үйлдэх, шаардлагатай бусад аргыг хэрэглэж болно” гэж оруулах нь зүйтэй. Учир нь эд мөрийн баримтыг “тодорхой бичих” биш тодорхойлон бичих аргаар тэмдэглэлд тусгадаг. Түүнийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан цагаас эхлэн эд мөрийн баримт биш нотлогоо болох учиртай. Тиймээс бэхжүүлэх тухай заалт хуулинд заавал тусгагдсан байх шаардлагатай. Манай нэрт хуульч, доктор Б. Бат-Эрдэнэ “Аливаа эд зүйл нь гагцхүү гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл болгож ашиглагдсан ба ийнхүү ашиглагдсаны улмаас түүнд гэмт хэргийн ул мөр хадгалагдаж үлдсэн болсон бөгөөд эдгээрийг ЭБШ хуульд зааснаар бэхжүүлж авсан тохиолдолд эд мөрийн баримт болгон нотлох баримтын хэмжээнд үнэлнэ”[10] гэсэнд ч шүүмжлүүштэй хандмаар байна. Учир нь гэмт хэрэг үйлдэх явцад зэвсэг хэрэгсэл болон ашигласнаас бусад эд зүйлс /гэмт хэрэгтэн этгээд болон хохирогч, гэрч зэрэг хүмүүсийн/, жишээлбэл ороолт, малгай, бээлий, тэр ч бүү хэл бичиг баримтыг учрал болсон газраас илрүүлэх тохиолдол бий. Гэмт хэргийн талаар аливаа мэдээлэл агуулсан эдгээр объект, зүйлс бүгд ЭБШ тодорхой ажиллагаа хийн бэхжүүлж, тусгаарлан авах хүртэл баримт, түүнээс хойш нотлогоо хэмээн нэрлэх нь зүйтэй мэт. 
Энэ зүйлд болон бусад зүйлд тусгагдсан гэрэл зураг авах гэдэг ухагдхууныг тодруулан тайлбарлаж өгөх хэрэгтэй. Гэрэл зураг гэдэг нь Гэрэг хэлний “phōtоs grάphō” буюу “гэрлээр бичих” гэсэн утгатай үгнээс гаралтай үг бөгөөд зарим бодисын гэрэл мэдрэх чадварыг ашиглан биет объектуудын дүрсийг хавтгай гадаргууд буулгахыг хэлдгийг бид мэднэ. Харин сүүлийн үед тоон програмт буюу дийжитөл /дижитаал биш/ аппарат ашиглан авсан зураг мэр сэр хэрэглэх болсон нь гэрэл зураг биш тул энэ заалтыг зөрчин нотлогоо цуглуулж байгаа хэрэг. ЭБШЭЗ-д үзлэг, нэгжлэг болон бусад ажиллагааг явуулах үед илрүүлэн тогтоож буй нотлогоог бэхжүүлэхдээ тоон програмт хэрэгсэл төхөөрөмж ашиглахыг хориглож, зөвхөн гэрэл зургийн аргыг ашиглахыг шаардах нь зүйтэй. Учир нь дээрхи зурганд гэрэл зурагтай адил гэрэл мэдрэмтгий бодис биш, тоон програм ашиглагддаг тул өгөгдхүүнийг өөрчлөн огт өөр дүрс гарган авах боломжтой. Харин хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс экспертийн дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт, криминалистикийн болон бусад төрлийн экспертиз явуулах үед цахим арга хэрэглэх, сканер, хэвлэх болон хувилах төхөөрөмж ашиглахыг зөвшөөрөх нь зүйтэй. Учир нь объектыг ЭБШХ-ийн зохих журмын дагуу нотлогоо болгон тогтоосны дараа экспертиз хийлгэхээр ирүүлдэг, экспертүүдэд зориуд худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан сануулдаг болохоор тэр. Тэгээд ч экспертиз хийсний дараа уг объектыг байгаа хэвээр нь буцаан хүргүүлж хэрэгт хавсаргах буюу экспертизийн байгууллагын тоо бүртгэлд авах тул маргаан гарсан тохиолдолд түүнийг өөрчлөлтөд өртсөн эсэхийг шалган тогтоох нь хүндрэлтэй асуудал биш.
86.3. “Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг авсны дараа лацдаж битүүмжлээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу тусгай газарт хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана” гэсэн бий.
Манайхан төдийлэн ойлгодоггүй, хэрэгжүүлдэггүй нэгэн заалт энэ. Тусгай газарт хадгална гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид өөрийн мөрдөн шалгаж буй хэргийн биет баримтыг өөр дээрээ, эсвэл сейфэндээ хадгалж байгаад шүүхэд шилжүүлэн өгснөөр түүний үүрэг дууслаа гэж ойлгон шилжүүлснээр тухайн биет баримтын хувь заяа шийдэгддэг. Тэгээд хэсэг хугацааны дараа /жишээлбэл хоёр жилийн дараа/, уг биет баримтаар давтан “шинжээч томилох” гэхэд хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихсон байх жишээтэй. “Төмөр-Очирийн”, “Зоригийн” гэгддэг хэргүүд дээр чухам ийм л зүйл тохиолдож байсан.
Зүй нь биет баримт болон экспертиз хийгдэж буй зарим нотлогоог криминалистикийн тоо бүртгэлд оруулж Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн зориулалтын санд хадгалах, ийм тоо бүртгэлд оруулах шаардлагагүй биет баримтыг овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол түүнийг зориулалтын, тусгай газарт хадгалах ёстой. Энэхүү зориулалтын тусгай газар нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албад, шүүх, прокурорын газарт “эд мөрийн баримтын” хэмээн нэрлэдэг өрөө, тасалгаа байдгийг бид мэднэ.
Криминалистикийн тоо бүртгэл нь хэргийн өнгө болон криминалистикийн экспертизийн ангиллын дагуу учрал болсон газраас илрүүлж тусгаарлан авсан нотлогооны, хэрэгт хавсаргахаар болон нөхцөл байдлыг тодруулахаар бэхжүүлэн авсан нотлогооны /хөлийн, гарын, эвдлэгч багаж хэрэгслийн мөр, авто ослын, лак будгийн зүйлсийн, шатах тослох материалын г.м/ болон битүүмжилсэн үнэрийн, экспертиз хийсэн хуурамч бичиг баримтын, бичиг баримт, мөнгөн тэмдэгтийн загварын, хуурамч мөнгөн тэмдэгтийн, бичгийн машины бичвэрийн, тамга тэмдгийн дардасны гэх мэтээр төрөлжсөн сан байх учиртай.
Одоогоор гарын мөр, галт зэвсгийн сангаас өөр ингэж бүрдүүлсэн сан алга, ийм санг бүрдүүлэхээр санаа тавих газар ч алга. Ингээгүйгээс хуурамч бичиг баримт, мөнгөн тэмдэгт шинээр гарч ирлээ гэхэд энэ нь хэдэн жилийн өмнө хуурамчаар хийж байсан тэр мөнгөн тэмдэгт, бензин талон зэргийн үлдэгдэл үү, эсвэл өөр этгээд шинээр хийж буй үйлдэл үү гэдгийг тогтооход хугацаа алдах зэргээр хүндрэл учирдаг. Жишээлбэл 1990-д оны үед гадаадын нэгэн дипломат байгууллагын ажилтнуудын оруулж ирж тараасан их хэмжээний хуурамч долларын “шинжилгээг” хийж байсан ажилтан одоо тэтгэвэрт гарчихсан, уг долларыг криминалистикийн бүртгэлд аваагүй тул экспертиз хийсэн тэр ажилтан, хамт ажиллаж байсан бид мэтийн цөөн хүмүүс чухам ямар шинж тэмдгээр уг мөнгөн тэмдэгтийг адилтгаж байсныг мэднэ, одоо энэ төрлийн экспертизийг хийж явуулж буй залуу үе маань мэдэхгүй байх жишээтэй. Хэрэв тэр үед уг хуурамч долларыг ЭБШХ-ийн энэ зүйлд заасны дагуу бүртгэлд оруулсан байгаад, өмнө нь хийж байсан тэр зүйлс одоо дахин гарч ирж байгаа бол сангаа ашиглан үүнийг шууд тогтоон өгч, сэжигтэн этгээдүүдийг шалгах хүрээ нь ч эрс хумигдаж ирэх ач холбогдолтой байх байсан. Тоо бүртгэлд оруулсан нэгдсэн сан байхгүйгээс одоо бичгийн машинаар бичсэн бичвэрээр түүнийг ямар маркийн машинаар бичиж гүйцэтгэсэн болохыг тогтоож чаддаг газар алга болчихоод байна. Сангийн асуудлыг экспертизийн байгууллага дангаар хөөцөлдөн бүрдүүлэх нь их хүндрэлтэй, хардлага сэрдлэг ч төрүүлж мэдэх уршигтай тул хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн болон криминалистикийн экспертизийн байгууллагын удирдлагын хамтарсан, эсвэл ХЗДХ-ийн сайдын тушаал мэтийн эрхийн актаар зохицуулан ЭБШХ-ийн дээрх зүйлийг:
“Биет баримтыг криминалистикийн бүртгэлд оруулах шаардлагатай бол зохих журмын дагуу шилжүүлж, тийм шаардлагагүй объектыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг аргаар бэхжүүлэн лацдаж битүүмжлээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу зориулалтын тусгай газарт хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана” гэсэн нэмэлт оруулж өгөөд зориулалтын тусгай газар гэдэг ухагдахуунаа тайлбарлан оруулж болмоор.
Мөн хуулийн арван хоёрдугаар бүлгийн 91-95 дугаар зүйлд “нотлох ажиллагаа” тусгагдсан байдаг. Дээр дурьдсан 79.1. дүгээр зүйлд “...энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн тодорхойлоод, 79.2-т “...баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно” гэсэн бий.
Харин 86.1 дүгээрт “Эд мөрийн баримтанд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад зүйлс, баримт бичиг болон гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бусад эд зүйлийг тооцно” гэжээ. Тэгэхээр эд мөрийн баримт нь биет объект, эд зүйлс байх ёстой бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу баталгаажиж байж сая нотлогоо болох ёстой. Харин дээр дурьдсан ЭБШХ-ийн тайлбарт “Эд мөрийн баримт нь хэрэгт ач холбогдол бүхий байдлын тухай мэдээллийг агуулсан, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эд зүйл мөн”[11] гэсэн нь ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийн баримт сэлт, мэдээлэл нь энд буй, 86 дугаар зүйлийн баримт бичгээс ялгаагүй мэт. Өөрөөр хэлбэл, дээр дурьдаснаар, чухам юуг нотлох баримт гэх, юуг нь эд мөрийн баримт гэх вэ гэдгийг заагласан зүйл алга. Ийм тайлбар дээр хуульчид өөрсдөө ч будилдаг. “Шинжээчийн дүгнэлт нотлох баримт болж чадахгүй” хэмээн номлодог багштай би таарч л байсан.
ЭБШХ-ийн тайлбарт: “Баримт сэлт нь үндсэндээ материаллаг ертөнцийн эд юмс /эд мөрийн баримт/ байдаг бол, мэдээлэл гэж хэргийн талаар мэдэх зүйлээ холбогдох этгээдээс амаар буюу бичгээр илэрхийлсэн байхыг ойлгоно”[12] гэжээ. Чухам тийм юмыг хэлнэ гэсэн тодорхойлолт байхаас үндсэндээ тийм юмыг хэлнэ гэж хуулийн тодорхойлолт байж яагаад ч болохгүй. Мөн мэдээлэл гэсэн тодорхойлолт нь бас буруу байх мэт. Учир нь цахим хэлбэрээр, эсвэл гэмт хэргийн талаархи мэдээллийг агуулсан бичиг баримт зэргийг юу гэх вэ? Тус хуулийн 90 дүгээр зүйлд ч бас нэг “баримт бичиг” тусгагдсан бий.Баримт, баримт сэлт, баримт бичиг, эд мөрийн баримт, нотлох баримт гэсэн ухагдхууны заагийг нарийн зааглаж өгөх шаардлагатай байна.
92.1-д зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, хураан авах, үзлэг, нэгжлэг хийх, туршилт, шинжилгээ болон энэ хуульд заасан бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулна” гэжээ. Энэ хуульд заасан байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулан олж тогтоож байгаа биет баримт нь нотлогоо болж өгөх ёстой. Бусад байцаан шийтгэх ажиллагаа гэвэл хэл зүйн хувьд буруу, ЭБШЭЗ-д ашиглагдах нотлогоог иргэний байцаан шийтгэх гэх мэтийн бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулан тогтоож болохгүй, учир нь энэ хууль “МУ-ын ЭБШ ажиллагаа” гэсэн нэг л байцаан шийтгэх ажиллагааг журамлаж байгаа билээ.
“79.4. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар...” гэсэн заалт бий. Энэхүү цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь мөр судлалын ерөнхий онолоор дотроо олон үе шатуудаас бүрддэг, криминалистикийн техник зүйн үйл ажиллагааны цогц технологи[13]. Мөр, биет баримт, баримт бичиг гэх мэт, гэмт хэргийн талаар аливаа мэдээлэл агуулсан зүйлийг ЭБШХ-ийн зохих журмын дагуу бүрдүүлсэн нь нотлогоо болж ашиглагддаг тул криминалистикийн техник зүйд үүнийг нотлох баримт хэмээн нэрлэж, түүнтэй ажиллах ажиллагааны зүй тогтлыг[14] нотлогоог илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах ашиглах гэсэн 4 ерөнхий үе шатанд ангилдгийг криминалистикийн хичээлээр зааж, нийт хуульчдийн хүртээл болгууштай, хууль болон сурах бичгүүддээ ч ингэж нэрлэж занших хэрэгтэй. Одоогоор зөвхөн Цагдаагийн академийн криминалистикийн хичээлээр л ингэж зааж судладаг бөгөөд хууль зүйн бусад дээд сургуулиудын цаг хүрэлцдэггүй тул нарийвчлан судлах боломж байдаггүй. Эдгээр үе шат бүр нь дотроо дор дурьдсан үеэс бүрддэг.
Илрүүлэх гэдэг нь гэмт хэргийн механизмыг тогтоохоор хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэрч, хохирогч, бусад этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн бусад нөхцөл, байдалд үндэслэн нотлогоо байж болох газрыг урьдчилан тогтоох, тогтоосон газартаа эрэх, эрсэн зүйлээ илрүүлэх арга, хэрэгсэл, технологи ашиглах, түүний гарал үүсэл, хэрэгт нотлох ач холбогдолтой эсэхийг тодорхойлох /мөрний хувьд эдгээр ажиллагааны дараа мөрийг унших, мөшгих, хүлээлгэн өгөх/ зэрэг үе шатуудаас бүрддэг.
Бэхжүүлэх гэдэг нь илрүүлсэн нотлогоог хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ач холбогдлыг алдагдуулахгүйн тулд түүний нотлогооны болон адилтгалын онцлог шинжийг хэвээр нь хадгалан үлдээхээр хамгаалах, бататгах арга, технологи юм. Бэхжүүлэхийн тулд: “тодорхойлон бичих, схем, план масштаблан үйлдэх, гар зураг үйлдэх, гэрэл зураг үйлдэх, дүрс, дуу авианы бичлэг хийх, хуулбар үйлдэх, хэв цутган авах, эсгүүр үйлдэх, загвар макет үйлдэх” зэрэг аргыг[15] хэрэглэж болно. ЭБШ ажиллагааны явцад хүнийг байцаан, мэдүүлгийг байцаалтын тэмдэглэлээр авч нотлогоо болгон ашигладаг. Үүнийг нилээд хуульчид ЭБШ ажиллагаа явуулж байна гэж үздэг болохоос нотлогоог тодорхойлон бичих аргаар бэхжүүлэн авч байна гэдгээ төдийлэн ухаардаггүй.
 Цуглуулах гэдэг нь нотлогоог тусгаарлах, савлах, боож битүүмжлэх, зөөвөрлөх, хадгалах зэрэг үе шатаас бүрдэнэ. Тусгаарлан авах тэрхүү ажиллагаа үүнээс өмнө хэвлэсэн криминалистикийн бараг бүх ном, сурах бичигт “хураан авах” гэдэг нэр томъёогоороо орсон нь нотлогооны хувьд оновчгүй хэллэг, үүнийг “конфискация имуществ” буюу “эд хөрөнгө хураан авах” гэдгээр мушгин тайлбарлаж болно /ЭБШХ-ийн 127.9-д хийсэн тайлбарыг үзнэ үү/.
Ашиглах гэдэг нь эрүүгийн хэрэгт нотловол зохих нөхцөл байдлыг нотлох буюу үгүйсгэх зорилгоор, эрүүгийн байцаан шийтгэх болон шүүн таслах ажиллагаанд уг нотлогоог судлах, дэлгэн үзүүлэх, адилтгал явуулан экспертиз хийлгэх зэрэг ажиллагааг хэлнэ. 94 дүгээр зүйлд заасан шалгах ажиллагаа нь ихэнхдээ экспертиз хийсний үр дүнд тогтоогдоно. Гэвч энэ нь экспертизээс өөр аргаар хийж болохгүй гэсэн үг биш, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад бусад аргаар шалгаж, хасалт хийж явна гэсэн үг. Жишээлбэл нотлогоог байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах  зэрэг ажиллагаагаар шалгаж болно.  
95 дугаар зүйлд заасан үнэлэх ажиллагаа нь дээрх бүх шатанд хэрэгжиж явах бөгөөд верси дэвшүүлэх ерөнхий онолд нийцүүлэн хэрэгт ач холбогдолгүй нотлогоо, версийг хасаж, ач холбогдол өндөртэйг нь ЭБШ ажиллагаанд үлдээн шалгана.
“126 дугаар зүйл. Үзлэг хийх үндэслэл
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар болон эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ” гэсэн байна.
Энэ зүйлийн эхний үгүүлбэрт үйл үг нь алга. Зүй нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, эсвэл тодруулах гэсэн байх ёстой. ОХУ-ын хуулинд “установление обстоятельств совершения преступлений” буюу “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, байдлыг тогтоох” гэсэн хэллэг байдаг. Тэр “установление” нь энд алга. Хэрэв эхний үгүүлбэрийг хоёрдугаар үгүүлбэрийн “олох” гэсэн үйл үгтэй холбочихвол утга алдагдаад “гэмт хэрэг гарсан байдлыг олох” болоод явчих жишээтэй.
“Олох” гэдэг үгийг манай ЭБШЭЗ-д мөн л буруу хэрэглэдэг. Учир нь гэмт хэрэг үнэхээр үйлдэгдсэн бол, үзлэгийн явцад үйлдэгдсэнийг заасан шинж, мөр, биет баримтыг илрүүлж болох газрыг эхлээд анализийн аргаар тогтоосны дараа тусгай арга, техникийн хэрэгсэл ашиглан бүтээлчээр эрсний үр дүнд мөр, биет баримтыг илрүүлж тогтоодог. ОХУ-ын криминалистикийн эцэг, Р. С. Белкиний тодорхойлсноор энэ бол криминалистикийн үйл ажиллагаа явуулах бүхэл бүтэн технологи[16] бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын сэтгэхүйн үйл ажиллагааны үр дүн мөн. Амьдрал дээр жишээ авбал, хэн нэгэн хүн явж байтал зам дээр нь 100 төгрөг хэвтэж байвал энэ нь олж байгаа хэрэг, учир нь тэр хүн, яг тэр цагт, тэр газарт мөнгө хэвтэж байх ёстой гэж мэдээгүй явсан. Харин тэр хүн өөрт байсан мөнгөө гээчихээд, түүнийгээ мэдсэний дараа явсан газраараа буцаж яваад эрж хайж байж олж авч байгаа бол энэ нь өмнөө тавьсан тодорхой зорилготой, байж болох газрыг нь урьдчилан тодорхойлсны үндсэн дээр, идэвхтэй ажиллагаа явуулсны үр дүн. Мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй албан тушаалтан олох гэж биш, тогтоож болох газрыг урьдчилан мэдэж /үгүйдээ л верси дэвшүүлэн таамаглаж/, илрүүлэхээр тусгай мэдлэг, арга, хэрэгсэл ашиглаж, эрж хайх идэвхтэй ажиллагаа явуулсны дүнд тогтоодог тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд “илрүүлэх” гэдэг нэр томъёог хэрэглэх нь оновчтой.
Энэ зүйлийг “Гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох, хэргийн мөр, биет баримтыг илрүүлэх, гэмт хэрэгт нотлох ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг үйлдсэн байж болох газарт болон объект, эд зүйлсэд үзлэг хийнэ” гэж залруулмаар.
127.3. “Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно”. Энд “гэмт хэргийн газар” гэдэг нэр томъёог мөн л шүүмжлүүштэй. Учир нь “гэмт хэргийн газар” гээд шууд тодорхойлчихож байгаа нь МУ-ын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт, ЭБШХ-ийн 13 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн заалтыг зөрччихөж байгаа хэрэг. Хохирогч, гэрч зэрэг хүмүүсийн нүдэн дээр үйлдэгдсэн гэмт үйлдэл дээр шууд очиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нь харваас илт байгаа тохиолдол байлаа ч гэсэн энэ нь гэмт хэрэг гэж хараахан нотлогдоогүй байгаа учрал. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч учрал болсон газарт дуудлага аван очиж байх үед энэ нь үнэхээр үйлдсэн гэмт хэрэг юм уу, эсвэл гэмт хэрэг үйлдсэн байна гэж харагдуулахаар зохион байгуулж, зориудаар зассан газар ч юм уу мэдэгдээгүй байдаг. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн шинж бүхий тэр газарт үнэн хэрэг дээрээ гэмт хэрэг огт үйлдэгдээгүй ч байж болдог. Прагматик сургалтыг голчилдог барууны улс орнууд энэ нэр томъёог “crime scene” гэдэг бөгөөд харин онолын сургаалыг гарамгай хөгжүүлсөн Оросууд “место происшествия” /место преступления биш/ гэж нэрлэдэг. Тэгэхээр энд криминалист, доктор Ж. Хурцгэрэлийн санал болгодог “учрал болсон газар” гэдэг нэр томъёо илүү дүйнэ.
127.5. “... мэргэжилтэнг урьж болно” гэсэн бий. Энд байгаа мэргэжилтэн гэдэг үгийг заахын тийн ялгалд буруу хувиргасан нь эвгүй сонсогддог хэл зүйн алдаа. Хүн гэдэг үгийг хүнг гэдэггүй, хүнийг гэж хувиргадаг.
127.7. “Үзлэгийн үед шинээр олдсон...” гэсэн нь “олдсон“ биш илрүүлж, тогтоосон зүйлийн талаар яригдаж байгаа хэрэг.
127.9. “Шаардлагатай гэж үзсэн эд зүйлийг анхны шинж байдлыг алдагдуулахгүйгээр хурааж авна”. Энэ заалтын “хурааж авах” гэдэг нь мөн хуулийн 132 дугаар зүйлд заасан үндэслэлээр 133 дугаар зүйлд заасан журмын дагуу хийх “хураан авах” ажиллагааг хэлж байна уу, эсвэл учралын газраас илрүүлсэн, нотлох ач холбогдол бүхий мөр, биет баримтыг “тусгаарлан авах”-ыг хэлж байна уу? гэж мушгиж болно. Эхнийхийг хэлж байгаа биш гэдэг нь тодорхой хэдий ч ЭБШХ-ийг мэддэг хүнээс үзлэгийн явцад эд зүйлийг нь хураан авна гэвэл “Та 133 дугаар зүйлд зааснаар  үндэслэл бүхий тогтоолоо тусад нь гаргаад явж прокуророор батлуулчихаад буцаж ирээд хурааж ав даа” гэдэг шаардлагыг зүй ёсоор тавина. Үзлэг хийж буй албан тушаалтан үүнийг хойшлуулшгүй тохиолдол гэж тайлбарлаж өгч чадвал үзлэгийн явцад хураан авах тогтоолоо гарган холбогдох этгээдэд уншиж сонсгоод 24 цагийн дотор прокурорт мэдэгдэх хэрэг гарна гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлд заасан “хурааж авах”-ыг цаашид “тусгаарлан авах” гэдэг нэрээр явах нь зүйтэй.
158 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх
“Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчийг өөрөө томилох бөгөөд шинжилгээний байгууллага нь шинжээчийн ажилласан байдал, мэргэшсэн чиглэлийг дурдсан нэрсийн жагсаалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллагад урьдчилан хүргүүлсэн байна.“
Энэ заалт манайд бас л хэрэгждэггүй. Учир нь экспертиз хийх чадвар бүхий олон байгууллагатай улс оронд хэрэглэвэл илүү тохиромжтой энэ заалтыг манай орны практикт хэрэгжүүлэхэд сонголт байхгүйн улмаас хүндрэл үүсдэг. Жишээлбэл, зөвхөн криминалистикийн экспертиз хийдэг байгууллагууд гэхэд хөрш ОХУ-д ДЯЯ, ХЗЯ, ЕПГ, БХЯ, Дээд Шүүх зэрэг газрууддаа тус бүрт нь байдаг. Энэ улсын “шинжээч томилох” эрх бүхий албан тушаалтнууд “шинжээчийн” эзэмшсэн тусгай мэдлэгийн цар хүрээнд зохих байгууллагад тогтоолоо хүргүүлэхэд л хангалттай. Манайд ийм олон байгууллага байхгүй тул криминалистикийн экспертизийг л гэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Цагдаагийн академийн криминалистикийн тэнхим хоёроос өөр хийх газар байдаггүй. Гэтэл криминалистикийн тэнхим нь багш нарынхаа “жагсаалтыг” “шинжээч томилох” эрх бүхий газруудад хүргүүлдэггүйгээс энд экспертиз хийлгэж болдгийг “томилдог” албан тушаалтнууд төдийлэн мэддэггүй, дээр нь материаллаг бааз муутай тул багш нар маш цөөхөн экспертизийг, мөртөө Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс хуваарьласан цохолтын дагуу хийдэг. Тэгэхээр манай улсад криминалистикийн экспертиз хийж явуулдаг цорын ганц байгууллага байна гэсэн үг. Түүнчлэн материал, хийц, бодисын зүйлд хийх криминалистикийн болон бусад төрлийн экспертизийг хийх эрдэм шинжилгээний байгууллагууд мөн л шилж сонгоод байхаар олон биш. Дээрх заалтаар бол Цагдаагийн академийн криминалистикийн тэнхим, ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн холбогдох тэнхмүүд, Геологийн төв лаборатори, Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөрс, ургамал судлалын, санхүү, аудитын гэх мэтчилэн “шинжилгээ” хийдэг, албан ёсны бүх байгууллага /улсын болон хувийн хэвшлийн/ дээрхи жагсаалтыг гаргаж хүргүүлсэн байх ёстой, түүнийг харж байгаад “шинжээч” томилох эрх бүхий албан тушаалтан аль олон жил ажилласан, дадлага туршлагатай “шинжээчийг томилох” уу, өөрийн танил тал, найз нөхөр “шинжээчийг томилох” уу гэдгээ энэ хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу сонгон нэрийг нь цохон заах ёстой. Энэ заалт хэрхэн “биелж”, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдад дээрхи жагсаалт хүргэгдээгүйн улмаас байгууллагыг сонгон тогтоолоо хүргүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан “шинжээч”-ээ сонгож байгааг бид мэднэ. “Шинжээч томилох” эрх бүхий албан тушаалтнууд үнэн зөв дүгнэлт гаргуулахын тулд олон жил ажилласан тусгай мэдлэг бүхий экспертүүдийг нэр цохон экспертиз хийлгэх нь ойлгомжтой бөгөөд хэрэв тэгвэл залуу мэргэжилтнүүд хэдийд нь өсөж хөгжих билээ?
“Шинжээч томилсон” тогтоолыг шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан “шинжээчдээ” хуваарьлан хийлгэж байгаа нь дээрхи заалтыг болон “шинжээчийн” нэрийг түүнийг “томилж” байгаа албан тушаалтан сонгох заалтыг зөрчиж байгаа хэрэг. Тэгэхээр энэ журмыг мөрдөлгүйгээр хийсэн бүх “шинжилгээ” дээр дурьсанаар /79.4/ нотлох чадвараа алдан хүчингүйд тооцогдож, “томилсон”, “хийсэн” хоёр албан тушаалтан 8.2-т зааснаар арга хэмжээ авагдах ёстой. 
“Шинжээчийн ажилласан байдал” гэсэн нэр томъёо мөн л утгаа олоогүй хэллэг. Энэ нь “Ажил байдлын тодорхойлолт” гэдэгтэй илүү ойролцоо сонсогдож, ойлгогдож байгаагаас бус ЭБШХ-ийн гаргах гэсэн “ажлын туршлага” буюу нөгөө л “skills”, эсвэл “стаж работы” гэдэг санааг илэрхийлж гаргаж чаддаггүй. Үүнийг “экспертийн ажлын туршлага” гэвэл оновчтой. Ингээд дээрх заалтыг:
158 дугаар зүйл. Экспертизийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
“Экспертиз хийлгэх эрх бүхий этгээд экпертиз хийх байгууллагыг өөрөө сонгох бөгөөд уг байгууллагын эрх бүхий албан тушаалтан экспертийн ажлын туршлага, мэргэшсэн тусгай мэдлэгийн царыг харгалзан зохих ажилтанд хуваарьлана” гэвэл дээр дурьдсан хүндрэлтэй байдлыг эвтэйхэн зохицуулчихаж болох мэт.  
160 дугаар зүйл. “Харьцуулан шинжлэхээр хэв хэлбэр авах” гэсэн үг оноогоогүй заалт бий. ОХУ-ын ЭБШХ-д “сравнительные образцы” гэсэн нэр томъёог криминалистикийн техник зүйд манайхан харьцуулах загвар, эсвэл дээж хэмээн орчуулсан нь үүнээс арай зөв хэллэг гэж би боддог. Тэгэхээр энэ заалтыг “экспертиз хийлгэхээр харьцуулах загвар буюу, эсвэл дээж авах” гэж нэрлэвэл илүү ойлгомжтой. Энэ нэр томъёо нь экспертизийн ямар ч объектод утга илүү дүйх үг. Жишээлбэл, биологийн экспертиз хийлгэхээр сэжигтэн этгээдээс шүлсний хэв хэлбэр, цусны хэв хэлбэр авах гэдгээс дээж гэвэл, харин мөр судлалын экспертизийн тухайд загвар гэвэл илүү оновчтой хэллэг.
Өмгөөллийн криминалистикийг үзэж судалдаг манай өмгөөлөгчид элдэв зүйлд нэр холбогдож буй нь нилээд дуулддаг. Зүй нь иймэрхүү зүйлийг гаргаж тавин асуудал болгож байвал хууль боловсронгуйлагдах, хууль зүйн нэр томъёо, криминалистикийн хэл системчлэгдэхэд ихээхэн нэмэр болохсон билээ.
Манай хуулиудад энэ мэтийн ойлгомж муутай, мушгин тайлбарлаж болохоор зүйл нилээд байгааг анхаарч, криминалистикийн хэлний нэгдмэл ойлголт, нэр томъёонд оруулан эрэмблэх, хуулийн хэлний найруулгыг засаж сайжруулах, түүнийгээ хуульчдийн сургалт, давтан сургалтанд зааж сургах шаардлагатай байгааг хууль зүйн сургалтын болон практик байгууллагууд хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.


[1] “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2007 оны 3 дугаарт нийтлүүлснийг засварлан нэмсэн болно. 
[2] Б. Бат-Эрдэнэ. Криминалистик. Улаанбаатар. 2003. 10 дахь тал. 
[3] Юридическая энциклопедия. Под общей ред. академика Б. Н. Топорина. М., Юристъ. 2001. с 1510.
[4]МУ-ын ЭБШХ-ийн тайлбар. Уб., 2003.58 дахь тал.
[5] Cambridge international dictionary of English. Cambridge University Press., 1995. p. 482.
[6] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 75 дахь тал.
[7] Б. Бат-Эрдэнэ. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Ерөнхий анги. Улаанбаатар. 2004., 99 дахь тал.
[8] МУ-ын ЭБШХ-ийн тайлбар. Уб., 2003. 174 дахь тал.
[9] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 75 дахь тал.
[10] Б. Бат-Эрдэнэ. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Ерөнхий анги. Улаанбаатар. 2004., 147 дахь тал.
[11] МУ-ын ЭБШХ-ийн тайлбар. Уб., 2003. 101 дахь тал.
[12] МУ-ын ЭБШХ-ийн тайлбар. Уб., 2003. 93 дахь тал.
[13] Б. Бат-Эрдэнэ. Криминалистик. Улаанбаатар. 2003. 26 дахь тал. 
[14] Б. Жаргалсайхан. Криминалистикийн техник. Улаанбаатар. 1998. 6 дахь тал.
[15] Б. Бат-Эрдэнэ. Криминалистик. Улаанбаатар. 2003. 46 дахь тал. 
[16] Р. С. Белкин. Криминалистическая энциклопедия. М., 1997. 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-11-29 -

Бичсэн: Зочин
сайхан нийтлэл байна
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 10 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax