Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-3-25

Биет баримт

Биет баримт гэж мөрдөн шалгаж буй эрүүгийн хэрэгтэй ямар нэгэн хэлбэрээр бодит холбоотой бөгөөд, түүний шинж, төлөв, мөн чанарыг шууд тусган хуулбарласан материаллаг зүйлийг хуульд заасан журмыг баримтлан тогтоож, бэхжүүлэн авсныг хэлнэ.

Нутлагааны энэ төрлийн онцлог нь гэмт хэрэг үйлдсэн шинж төлөв, нөхцөл эхлээд хүний ой, сэтгэхүйд биш, хүрээлэн орчинд буй материаллаг зүйлс дээр тусгагдан хоцордогт оршино. Гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээр зэхэх, түүнийг үйлдэх, нуун дарагдуулах арга хэмжээ авах зэрэгтэй холбоотой аливаа үйлдэл хийхдээ материаллаг зүйлстэй харьцаж, бүтэц, шинжид нь тодорхой өөрчлөлт оруулдаг. Мөн, гэмт явдал нь өөрөө “... учрал болсон газар, тойрон буй орчин, гэмт хэрэгтэн, хохирогчид янз бүрийн механик нөлөөлөл үзүүлж, өөрөөр хэлбэл, гэмт явдлын тусгахуй болох мөр үүсгэх”[1] бөгөөд “хүрээлэн буй орчинд үүсэж бий болсон аливаа бодит өөрчлөлт нь эд зүйлсийн байрыг сольсон, байсан эд зүйлс устаж алга болсон, эсвэл шинээр үүсэж бий болсон буюу эдгээр зүйлсэд гарсан чанарын өөрчлөлт зэрэг шинжээр илэрч”[2], “материаллаг болон субъектив шинжийг агуулж болно”[3]. Чухамхүү материаллаг шинжтэй, гэмт үйлдлийн шинж, мөр зэргийг агуулсан бодит зүйлийг биет баримт гэх ба түүний шинж, төлөв нь өөрөө бодит баримт, өөрөөр хэлбэл биет баримтын агуулга болдог. Эрүүгийн хэрэгт нутлах ач холбогдол бүхий тодорхой зүйлийг чухамхүү биет баримтаар тогтооно.

МУ-ын ЭБШЭЗ-д биет баримтыг “эд мөрийн баримт” гэдэг нь оновчгүй нэр бөгөөд ЭБШХ-ийн 86 дугаар зүйлд зааснаар “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, түүнчлэн  гэмт үйлдлийн замаар  олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад зүйлс, баримт бичиг болон гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий  бусад эд зүйлийг тооцно” гэсэн бий.

Эрүүгийн хэрэгт биет баримт болгон ашиглаж болох бүх зүйлийг хуулийн нэгэн зүйлд тоочиж баршгүй бөгөөд түүнд гэрэл зураг, дүрс болон авианы бичлэг, гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан материаллаг зүйлийг мөн оруулна.

Эх биет баримтыг тэр хэвээр нь авч эрүүгийн хэргийн материалд хавсаргах боломжгүй байгаа тохиолдолд түүнээс хувилан авсан дардас, цутгаж авсан хэв, хуулбарлан авсан хувь зэргийг биет баримтад тооцох үндэс бий. Иймэрхүү биет баримтыг “гаргаж авсан” гэж нэрлэх бөгөөд эрүүгийн хэрэгт нутлах ач холбогдол бүхий материаллаг зүйлийн төлөв, хувийн онцлог шинжийг тод тусгасан байх шаардлагатай.

ЭБШХ-ийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу харьцуулах шинжилгээ хийлгэхээр гаргуулан авсан дээж, загварыг биет баримтад тооцохгүй.

Мөрдөн байцаалтын аливаа ажиллагааны үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдсэн гэрэл зураг, схем, план, дуу болон авианы бичлэг зэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны талаар илүү бодит төсөөлөл олгох зорилгоор үйлдсэн, тухайн ажилагааны тэмдэглэлийн хавсралт тул биет баримтад мөн тооцохгүй.

Биет баримтын хамгийн гол 1 шалгуур нь түүний давтагдашгүй шинж. Тухайн гэмт хэргийг үйлдсэн зөвхөн тэр л нөхцөлд тодорхой нэг объект биет баримтын шинжийг олдог тул түүнийг хаяж үрэгдүүлсэн, устгасан, процесийн шаардлага ханган бэхжүүлж авч чадаагүй зэрэг бол түүнийг өөр зүйлээр орлуулах, нэгэнт хувирч өөрчлөгдсөн онцлог шинжийг сэргээх боломжгүй байдаг.

Эрүүгийн хэрэгт нутлагаа болгон ашиглах биет баримтыг мөрдөн байцаалтын үзлэг, нэгжлэг зэрэг ажиллагаагаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авах ёстой. Хуульд зааснаар, зарим төрлийн биет баримтыг “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч болон иргэн, байгууллага гарган өгч болно /ЭБШХ-ийн 92.3/.

Мөн хуулийн 92.2-д зааснаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар энэ хуульд заасан журмын дагуу ... байгууллага, албан тушаалтан, иргэнээс болон гүйцэтгэх ажил эрхэлж байгаа байгууллагаас хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт... гаргуулан авах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар  шалгалт, үзлэг хийлгүүлэхийг шаардах эрхтэй”.

МУ-ын ЭБШХ-ийн 79.3-д зааснаар: ”Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална”.   

Биет баримтыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зүйл болгон ашиглахад тавих 1 гол шаардлага нь түүнийг хаанаас, хэрхэн илрүүлж, бэхжүүлснийг тодорхойлсон байх явдал. Уг баримт, нутлагааг хэрхэн илрүүлж, бэхжүүлж, битүүмжилсэн явцыг эрүүгийн хэргийн материалд дэлгэрэнгүй тусгасан байх ёстой.

Эрүүгийн хэрэгт нутлагаа болгон ашиглаж буй бүхий л зүйлд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийн дэргэд үзлэг хийж тухайн зүйлийн нэр, хэлбэр, хэмжээ, өнгө, ерөнхий болон хувийн онцлог шинжийг тэдэнд, дараа нь шаардлага гарсан тохиолдолд тухайн зүйлийг түүнтэй адилхан бусад зүйлээс ялгахаар хэмжээнд, аль болох нүдлүүлэн, зохих саванд хийж, гадна талд нь ямар ажиллагааны явцад, хэн, хаанаас илрүүлж бэхжүүлсэн, юу болох тухай тэмдэглэл хийж битүүмжлэн тэмдэглэл хөтлөсөн байх ёстой. Ийм үзлэгийг уг баримт тухайн эрүүгийн хэрэгт холбоотой болох бодит баримтыг тогтооход чиглэх ёстой бөгөөд, шаардлагатай тохиолдолд мэргэжилтнийг оролцуулан хийнэ. Биет баримтын гэрэл зургийг байгаа хэвээр нь болон битүүмжилсний дараа хэрхэн битүүмжилснийг харуулж криминалистикийн гэрэл зургийн боловсруулсан аргачлалыг мөрдөн бэхжүүлсэн байх шаардлагатай.

Биет баримтыг эрүүгийн хэрэгт нутлагаа болгон ашиглахдаа тусгай тогтоол гарган хэрэгт хавсаргах шаардлагатай байдаг ч манай ЭБШХ үүнийг шаарддаггүй, зөвхөн үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгаж, гэрэл зураг авч, дүрс бичлэг хийсэн байхад хангалттай гэж үздэг /ЭБШХ-ийн 86.2/.

Зүй нь биет баримтыг хэрэгт нутлагаа болгон хавсаргах тухай мөрдөн байцаагчийн шийдвэрт үндэслэн, уг баримт мөрдөн шалгаж буй хэрэгтэй бодит холбоотой, болж өнгөрсөн үйл явдлын мэдээлэл-танин мэдэхүйн бүтцийг өөртөө агуулсан, түүний оролцоотойгоор эрүүгийн хэрэгт нутлавал зохих зүйлийг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа, чухам тийм учраас түүнийг хэрэгт хавсаргах тухай үндэслэлийг дурьдсан тусгай тогтоол гарган, тухайн зүйлийг тусгаарлан авч байх ёстой. Үндэслэл бүхий ийм тогтоол мөрдөн байцаагчид тухайн зүйлийг тусгаарлан авах эрх олгож, ингэснээрээ уг биет баримтыг солихгүй, түүний бусдаас ялгарах ерөнхий болон хувийн онцлог шинжийг мөрдөн байцаалтанд шаардлагатай хугацаанд хэвээр хадгалах боломж өгдөг. Үүнийг шаардах нь манай хууль, албан тушаалаа ашиглан бусдын өмч, үнэт эдлэл зэргийг хууль бусаар хураан авах, ашиглах болзошгүй үйлдлийг таслан зогсоохын баталгаа болох учиртай. Иймээс биет баримтыг эрүүгийн хэргийн нутлагаа болгож хэрэгт хавсаргасан тогтоол үйлдэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас шаардах нь зүйтэй.

Хуульд зааснаар биет баримтыг “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал…” /ЭБШХ-ийн 87.1/ эрүүгийн хэрэгт хавсарган хадгалах ёстой. Мөн хуулийн 87.2-т зааснаар “Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгална”.

ЭБШХ-ийн 86.3-д зааснаар: “Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг авсны дараа лацдаж битүүмжлээд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу тусгай газар хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана”. Мөн хуулийн 86.4-д зааснаар: “Хэргийг нэг газраас нөгөөд шилжүүлэхэд хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эд мөрийн баримтыг уг хэрэгт хавсаргах боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал хуульд заасан журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана”.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирол учруулахааргүй байвал биет баримтыг хуульд заасан хугацаанаас өмнө эзэмшигчид нь эргүүлэн олгож болно. “Түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй нөхцөлд хэрэгцээний нь дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх ба эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох буюу эсхүл үнийг төлнө” /ЭБШХ-ийн 87.3/.

Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад биет баримтыг ЭБШХ-ийн 88 дугаар зүйлд заасан журмын дагуу шийднэ.

Биет баримтыг шалгах ба үнэлэх. Биет баримтыг хуульд заасан ерөнхий журмын дагуу шалгаж, судласан байх шаардагатай. Хуульд зааснаар, хөдөлбөргүй үнэн болохыг нь урьдчилан тогтоосон ямар ч нутлагаа байх боломжгүй /ЭБШХ-ийн 95.3/ бөгөөд аль нэгэн нутлагааг дөвийлгэж, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэж үл болно.

Биет баримт нь шууд бус нутлагаа байдаг учир түүнийг мөрдөн шалгаж буй хэрэгтэй бодит холбоотой болохыг тогтоох шаардлага хамгийн түрүүнд тулгардаг. Харин практикаас үзвэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байх тэр үед энэ асуултыг тогтоох боломж тэр бүр байдаггүй тул тухайн биет баримт мөрдөн шалгаж буй хэрэгтэй холбоотой байх магадлалаас эхэлнэ. Мөрдөн байцаалтын аливаа ажиллагааны үед энэ үндэслэлээр шалгаж буй хэрэгтэй холбоотой байж болох зүйлийг тусгаарлан авдаг.

Нутлагаа бүрэлдэн тогтох процесийн шат цаг их шаардсан, нилээд хэцүү зүйл байдаг тул аливааг, түүний дотор биет баримтыг тухайн хэрэгт илүү ач холбогдолтойг тогтоохдоо маш няхуур хандах шаардлагатай. Энэ журмыг үл баримтлан, аль нэг нутлагаанд илүү ач холбогдол өгч шалгах нь хэрэгт огт хамаагүй буюу бага хамаарах зүйлд хөтлөгдөн, цаг алдах, хүний эрх, эрх чөлөөг хөндөхөд хүргэж ч болно.

Биет баримтыг нутлагааны талаас нь хянуур авч үзэх зайлшгүй шаардлага тухайн зүйл зөвхөн сэжигтэн этгээдийн төдийгүй түүний хамаатан садан, бусад хүмүүсийн аж ахуйн, гоо сайхны, оюун санааны хэрэглээний зүйл байж болоход бас оршдог. Ийм зүйлийг эрүүгийн хэрэгт нутлагаа болгон хавсаргаж буй нь хэрэг дээрээ уг зүйлийг хураан авч байгаагаас бараг ялгарахгүй тул түүнийг эзэмшигч өөрийн хөрөнгөө эзэмших, ашиглах, зарцуулах боломжийг хязгаарладаг. Иймээс иймэрхүү зүйлийг үндэслэлгүй хийх нь сэжигтэн этгээд болон бусад иргэдийн өмчлөх эрхэд халдаж болох тул онцгой болгоомжлох шаардлагатай.

Нутлагааны магадтай үнэнийг ч мөн нямбайлан тогтоосон байх шаардлагтай. Практикаас үзвэл биет баримтыг сонирхол бүхий этгээдүүд сольсон, хуурамчаар бүрдүүлсэн, шинж тэмдэгт нь өөрчлөлт, засвар хийсэн, устгасан зэрэг тохиолдол элбэг. Нутлагаа болгож буй зүйлийг мөн эсэхийг магадлахаар гэрч, хохирогч зэрэг хүмүүсийг байцаах, шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэх зэрэг арга хэмжээг авч болно.

Нутлагааг тал бүрээс нь бодитоор шалгах шаардлага, хуульд заасан, гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэн тогтоосон биет баримтад ч мөн адил хамаарна. Ийм биет баримтын бодит гарал үүслийг мөрдөн байцаагч, шүүгч нутлагааны бусад зүйлийн адил шалган тогтоосон байх ёстой. Үүний тулд нутлагаа хэмээн тооцсон биет баримтыг илрүүлж, тусгаарлан авсан гүйцэтгэх ажилтныг гэрчээр байцааж, зохиож явуулсан гүйцэтгэх ажлын явц, агуулгыг биш, тухайн биет баримтын гарал үүсэл, мөрдөн шалгаж буй хэрэгт холбогдолтой эсэх талаар тодруулсан байвал зохино. ЭБШХ-ийн 79.3-д гүйцэтгэх ажлын явцад илрүүлсэн баримт сэлтийг нутлагааны хэмжээнд үнэлэж болохыг заасан бөгөөд түүнийг цуглуулах, бэхжүүлэх “үйл ажиллагааны эх сурвалжийг” нууцална гэж зааж өгсөн нь манай зарим гүйцэтгэх ажилтнуудын ойлгодог шиг уг зүйлийн гарал үүсэл, хэрэгт холбогдолтой эсэхийг тодруулахыг нууцла гэсэн үг биш. Үүнийг тогтоогоогүйгээрээ уг биет баримтын гарал үүсэл, хэрэгт холбоотой эсэхийг, түүнээс үүдэн хэргийн бодит үнэнийг тогтоож чадахгүйд хүрнэ. Гарал үүсэл, хэрэгт холбогдолтой эсэх нь тодорхой бус нутлагааг ЭБШХ-ийн 79.5-д заасан “нэргүй захидал болон мэдээлэлтэй” адил үнэлэх бөгөөд, ерөөс хуулийн шаардлагын дагуу тогтоосон эсэх нь ч эргэлзээтэй болох тул мөн хуулийн 79.4-д зааснаар “эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”.

 



[1] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 248 дахь тал.

[2] Б. Жаргалсайхан. Криминалистикийн техник. Улаанбаатар. 1998.   дахь тал.

[3] Б. Бат-Эрдэнэ. Криминалистик. Улаанбаатар. 2003. 41 дэх тал.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-2-9 - hi

Бичсэн: Зочин (зочин)
Сайн байна уу? цаг заваа гаргаж миний блогийг уншсан талархаснаа илэрхийлье. сэтгэгдэл бичсэнд бүр их баярлалаа.
Ул мөр, эд мөрийн баримт" гэсэн цогц ойлголтыг хэллэгийн хувьд товч бөгөөд тодорхойгоор "мөр, биет баримт" гэж нэрлэж хэвшье гэх гээд байгаа юм. манайх "ул мөр", өвөрмонголчууд "ор мөр" гэж нэрлээд, манайх ингэж хэлдэг гэхээр бие биенээ харилцан шоолж байдаг нь өмнөх, илүү үгнээс болж буй хэрэг гэж би үздэг. Forensic science-ийн Physical evidence гэдгийг Оросууд "вещественное доказательство" гэдэг. аль аль нь бодтой, биетээр байж байгаа зүйлийг хэлэх тул би биет баримт гэх нь зөв байх гэж боддог. Мөр нь миний бодоход тусдаа гэж бодно. түүнд гэмт үйлдэл болсон шинж, гэмт үйлдлийг гүйцэтгэсэн хүнийг заасан аливаа мэдээллийг хэлнэ. Оросууд "информационно-покнавательная структура" гэж нэрлэчихээд тусгал мөрнөөс авахуулаад бичил мөр, үнэрийн мөрийг хүртэл оруулдаг. чамд амжилт хүсье. Богийн эзэн Жагаа
. Шууд холбоос

2011-2-6 -

Бичсэн: Очирбат (зочин)
Дажгүй болсон байна,

"Ул мөр, эд мөрийн баримт" гэсэн цогц ойлголтыг хэллэгийн хувьд товч бөгөөд тодорхой байдлаар юу гэж хэлбэл зохимжтой вэ? Биет нотлох баримт гэж нэрлэвэл болох уу? Forensic science-ийн Physical evidence гэсэн ойлголтонд "Ул мөр, эд мөрийн баримт" бүгд багтдаг гэж би ойлгодог. Энэ зөв үү?
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 9 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant