Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-3-27

Гэрэл зургийн түүхээс

Хэдэн жилийн өмнө нэгэн Орос номноос энэ зүйлийг орчуулж байсан бөгөөд одоо чухам ямар ном байсныг үл санаж байвч хүмүүст хэрэг болуужин хэмээн нийтлэв.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гайхамшгийн нэг болох гэрэл зургийн түүх эртний Арабын физикч, математикч, эмч, филисофич Ибн-Аль-Хайсамын нэртэй салшгүй холбоотой. Дундад зууны Европт Альхазен хэмээн алдаршсан тэрээр 965 онд төрж 1039 онд өөд болсон ба тухайн үеийнхээ хамгийн өндөр боловсролыг эзэмшиж, гэрэл, гэрлийн туяаны тухай тодорхой бүх л мэдэгдэхүүнийг тусгасан оптикийн тухай шинжлэх ухааны үгүүллээ бичжээ. Тэр үед гэрэл зургийн талаар ямар ч ойлголт байхгүй байсан боловч чухам энэ эрдэмтэн гэрэл зургийн аппарат маягийн зүйл хийсэн нь өнөөгийн бидний сонирхлыг ихэд татдаг. Үүний тулд тэрээр жирийн 1 хайрцаг авч 1 талд нь цоолж нүх гаргаад түүнийхээ өмнө хэд хэдэн лаа асаажээ. Нүхний эсрэг талд цулгай дэлгэц буюу самбар байрлуулахад уг дэлгэц буюу самбар дээр лаануудын доош харсан дүрс гардаг болохыг нээжээ. Ийнхүү Ибн-Аль-Хайсам 200 жилийн дараа харанхуй каамер хэмээх нэр хүртсэн зүйлийг нээсэн хийгээд энэ нь түүний хийдэг ердийн туршилтуудын 1 байсан тул өөрийн нээлтэндээ төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон бөгөөд Европ тив үүнийг 200 жилийн дараа олж мэджээ.

13-р зуун - эрүү шүүлт, залхаан цээрлүүлэлтийн зуун. Мунхруулагчдын давшилтын эсрэг мэт, Английн философч, байгаль шинжлэгч Ооксфордын шинжилгээний профессор Роожэр Бээконо туршлагаар үнэнийг тайлахыг уриалжээ. Тухайн үеийн нэрт эрдэмтэн, Араб, Гэрэг хэлтэй тэрээр Альхазений оптикийг сайн мэдэж байв. Тэрээр харанхуй каамерийн бүтэц зохион байгуулалтыг “Оопус Майюс” номондоо бичжээ. Энэ номын хувь заяа Бээконы бусад бүтээлүүд болон өөрийнх нь хувь заяаны адил гунигтай түүх. Мунхруулагчид түүний бүтээлийг үзэн яддаг тул Роожер Бээконы нэрийг 13-р зуунд бүү хэл 14-р зуунд ч огт дурьдаагүй. Иймээс 250 жилийн дараа түүний бүтээлүүдээс ганц нэг нь хэвлэгдэх болсон ба Оопус Майюс нь түүнээс хойш бас 70 жилийн дараа нийтийн хүртээл болжээ. Харанхуй каамерийг янз бүрийн хүмүүс дахин дахин нээсэн шалтгаан нь энэ. 1519 онд Леонарда–да-Вийнчи харанхуй каамерийг шинжлэх ухааны ажиглалт хийхэд чухал төхөөрөмж гэж нэрлэсэн тэмдэглэл бичжээ. 1544 онд Холландын математикч Хээма Фрийзиус түүний тусламжтайгаар нарны хиртэлтэнд анх ажиглалт хийжээ. 16-р зууны дунд үед Италийн иргэн Жамбаттиссаделла Поорте харанхуй каамерийн нүхэнд линз суулгах санаа төрсөн бөгөөд ингэснээр дүрсний чанарыг эрс сайжруулж, улам боловсронгуй болсон тул тэр дорхноо л аялагчид, зураачдын байнгын дагуул болжээ. Цаасан дээр гарсан оптик дүрсийг тэд үзэг харандаагаар дагуулан тодруулдаг байв. Шинжлэх ухааны лабораторит энэ нь өнөөдрийн гэрэл зургийн аппарат буюу туршлагыг бүртгэгч дуран байлаа. Астрономич Иохами Кээплэр суурин дээрээ эргэж, тал бүр тийш харах боломжтой, салхин тээрэмний хэмжээтэй харанхуй каамерийг зохион бүтээв. М. В. Ломоноосов лаборантууддаа, машинуудыг зурахад харанхуй каамерийг байнга ашиглах шаардлага тавьдаг байв. Германы эрдэмтэн, физикч Крийстоф Шлайнэр харанхуй каамерыг нар руу чиглүүлэв. Энэ нь цоо шинэ каамер байлаа. Түүний дуран Кээплэрийн зөвлөснөөр 2 хэсэг цуглуулагч линзээс бүрдэж байснаараа Галилейн дурангаас ялгарч байсан бөгөөд алсад буй зүйлүүдийн бодит дүрсийг дамжуулах боломжийг хангасан байна. Эрдэмтэд энэ каамерийн тусламжтайгаар Галилейн нээсэн толбоноос гадна, гадаргуу дээр гарсан хаягдлууд тод ажиглагдаж буйг тогтоожээ. Үүнээс дахин 2 зууны дараа Францын одон оронч Доминик-Франсуа Араго тэднийг дахин нээж “протуберацууд” хэмээн нэрлэжээ. Энэ үед эрдэмтэд бийр хэрэглэлгүй, зөвхөн гэрлээр зурах боломжийг шургуу судалж байлаа. Өөрөөр хэлбэл, дурангийн цуглуулж өгсөн дүрсийг бэхжүүлэх аргыг олох хэрэгтэй байв. Харанхуй каамерийг гэрэл зургийн аппарат болгон хувиргах шаардлагатай байлаа. Эрдэмтэд, зохион бүтээгчдийн хэн нь ч урлагийн шинэ төрлийн нээлтийн талаар сэтгээгүй нь нэн сонирхолтой. Энэ тухай Францын штабын офицер, зохион байгуулагч Ээлозэр-Нийсэфор Ньенс ч, Парисын зураач, чимэглэгч Луи Жаак Даагэр ч, Английн эрдэмтэн  Фоокс Таальбот ч бодсонгүй. Гэтэл 19-р зууны хамгийн гайхамшигтай бөгөөд ач холбогдолтой нээлтүүдийн нэг болох гэрэл зургийг нээсэн нь тэдний нэртэй холбоотой байдаг. Нийсэфор Ньепс (1765-1833) өөрийн дүү Клоодын хамт марена тариалж ховор будаг /индиго/ гаргаж авахаар ажиллаж байв. Тэд ус өргөгч машин зохион бүтээж Версаль хотын усан оргилууруудад ус өгөхөд ашиглах санал тавьжээ. 1815 онд Мьене урьдын адил дариар биш нүүрсний нунтаг, нефтийн хольцоор ажилладаг 4 тактын хөдөлгүүрийнхээ патентыг авч байв. Энэ нь Рудольф Дийзель өөрийн хөдөлгүүрээ бүтээхээс хавьгүй өмнө билээ. Нийсэфор Ньепсийн нэр гэрэл зургийн нээлттэй холбоотой бөгөөд энэ түүх ч мөн сонирхолтой. 1816 онд Клоод Парист шинэ хөдөлгүүрээ итгүүлэхийг оролдож байх мөчид Нийсефор Шалоон тосгондоо өөрийн анхны харанхуй каамерийг хийж байв. Тэр гэрлийн тусламжтайгаар сийлбэр хэвлэх хэв хийхийг мөрөөдөж, чулуун бараар хэвлэх аргатай нилээд нарийн танилцаж өөрийнхээ хийж буй зүйлээ гелиографи гэж нэрлэжээ.

Нийсэфор Ньепс гэрэл мэдэрдэг лаак эрж байв. Хэвний гадаргууд химийн боловсруулалт хийдэг афортын аргаар ажиллах үед ийм лаакаар сийлбэрийн зэс хавтгайг бүрж өгдөг байв. Лаак нь сийлбэрийн төвгөр хэсгүүдийг /зурган дээр хараар гардаг/ түүний сүүдэрт идэгдэхээс хамгаалдаг. Ийм лаакны найрлаганд асфаальт ордог тул Ньепс ялтсуудыг түүгээр бүрдэг байв. Асфаальт гэрэл мэдэрдэг болохыг өмнө нь тогтоосон байжээ. Гэрэлд 2-3 цаг байлгахад асфаальт цайрснаар ялтсан дээр зэгэл саарал дүрс үүсдэг байв. Нийсэфор гелиографийн гэрэл үзээгүй хэсгийг уусган цайвар хэсэг нь цайвар асфальтнаас, бараан хэсэг нь ялтасны метал гадаргуугийн бараан хэсгээс бүрдсэн дүрс гарган авдаг байжээ. Гэвч энэ нь боловсронгуй биш хэвээрээ л байв. Нийсэфор янз бүрийн бодисоор туршилт хийсээр лаваандны тосоор асфаальтыг угааж, мөн лаакаар ялтсыг бүрэх арга олсноор энэ хүндрэлээс гарсан байна. 1822 онд гэрэл зургийг нээхэд нэг том алхам хийсэн ба 1826 онд Нийсэфор Ньепс анхныхаа гелиографийг гаргаж авчээ. Түүний ажлын өрөөний цонхноос Сен-Лу-Варенн тосгоны байдлыг харуулсан энэ зураг одоо ч бий. Уг тосгон руу орох замд “Энэ тосгонд 1822 онд Нийсэфор Ньепс гэрэл зургийг нээжээ” гэсэн бичигтэй том чулуу байдаг.

Мөн 1822 онд Парисын Маре гудамжинд Луи-Жаак Даагэр “Диорама” хэмээх үзвэрийн газраа нээжээ. Тэрээр зургууд нь солигддог үзмэр хийсэн байна. Нимгэн, хагас тунгалаг даавуун дээр зурсан зургуудыг бүгдийг нь зэрэгцүүлэн сараалжуудаас зүүж байрлуулаад араас нь ээлжлэн гэрэлтүүлдэг байжээ. Үзэгчид гэгээн цагаан өдөр гэнэт шөнө болж хөгжмийн аялгуунд гоёмсог зураг харж байгаагаа гайхаж, шагшран магтаж байхад Даагэрт гэрлийн дүрсийг бэхжүүлэх аргыг олох санаа эргэлдсээр байв. Тэрээр тухайн үеийн бусад зураачдын адил харанхуй каамер ашиглан зурдаг байсан бөгөөд оптикийг ч муугүй мэддэг байв. Түүний диорамын нэг дүрс нөгөөтэйгээ яг давхцаж байж гэрлийн нөлөөнд ордог байв. Иймээс тэр хэдийгээр сайн зураач байсан хэдий ч харанхуй каамер ашиглаж зурахаас өөр аргагүй байжээ.

Даагэр Нийсэфор Ньепсийн тухай сонсоод түүнд захидал бичиж 1827 онд танилцаад 1829 онд хамтран ажиллаж, шинэчлэл хийхээр “Ноён Ньепсийн нээж ноён Даагэрийн боловсронгуй болгосон гелиографи” гэдэг нэртэй гэрээ байгуулжээ.

Даагэр Ньепсийн олж харж чадаагүй хэв-барнаас хуулбарлах, байгаа байдлаар нь зураг авах 2-ын ялгааг ойлгож хөрөг зураг нь өнгөнүүдийн хувьд зөв, тод дамжуулахыг хамгаас илүү шаарддаг учир зураг авах хугацаа 5 хоромоос хэтрэх ёсгүй хэмээн үзэж йодоор боловсруулсан мөнгөөр бүрхсэн ялтас ашиглахыг санал болгожээ. Йодот мөнгө ашигласнаар орчин үеийн гэрэл зургийн аргад тун дөхөж ирсэн хэдий ч бүр 1818 онд Английн астрономч Жооно Хээршэл йодот мөнгөний харлах процессыг тиосульфит зогсоодог болохыг нээснийг тэд мэдэж чадаагүй юм.

Ньепсийг нас барсны дараа Даагэр йодот мөнгөөр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олж даагэреотип хэмээн нэрлэжээ. Энэ арга нь Ньепсийнхээс огт өөр арга байсан ч хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсан тул дундынх болжээ. Даагэрийн нээсэн энэ арга маш энгийн бөгөөд түгээмэл байсан тул тэр дороо л нийтэд хүртээл болсон байна. Өөрийн дүрс-Даагэреотипийг харахыг хүсэгчид маш олон байсан ба тэдний хэрэгцээний хирээр харанхуй каамер, химийн бодисууд, дуран, мөнгөжүүлсэн ялтсуудыг үйлдвэрлэж эхлэв.

Мөнгөн усны уураар дүрс тодруулах болон тиосульфитаар бэхжүүлэх аргыг ч Даагэр /Жооно Хээршэлийн нээснийг мэдэлгүйгээр/ нээжээ. Гэвч энэ бүгдийг Даагэр өөрөө санаачилсангүй, зөвхөн Ньепсийн санааг үргэлжлүүлж байж олж нээжээ.

Гелиограф анх гарснаас хойш 13 жилийн дараа буюу 1839 оны 1-р сард Парисын ШУА-ийн хурал дээр нэрт эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Доминик-Франсуа Араго анх Луи Даагэр, Нийсэфор Ньепс нар хавтгай метал гадаргуу дээр объектуудын гэрлийн дүрсийг бэхжүүлэн авах боломжийг нээснийг илтгэжээ.

Энэ үед Английн эрдэмтэн Фоокс Таальбот харанхуй каамер ашиглан дүрс буулгах процессыг сонирхож 1835 онд буюу ажиллаж эхэлснээсээ хойш 2 жилийн дараа, өөрийн байшин болон Лакокийн сүмийн зургийг авч чаджээ. Эдгээр зургийг 2 цагийн хугацаатай барил өгч авсан хэдий ч анхны, жинхэнэ гэрэл зургийн  негативууд /энэ нэрийг Таальбот өгчээ/ байжээ. Гэвч Таальбот туршилтаа төдхөн орхисон байна.

1839 оны 1-р сарын сүүлчээр Фоокс Таальбот Лондоны эзэн хааны нийгэмлэгийн хурал дээр өөрийн нээсэн каалотайпийн /Гэрэг хэлний каалос-гоо сайхан, Англи хэлний тайп-бичих/ аргын тухай илтгэл тавьж гэрэл зургийг боловсронгуй болгох талаар ажиллаж эхэлсэн байна. Ингээд хэдхэн сарын дараа азот хүчлийн мөнгө бүхий хальсан дээр авдаг болсноор дүрсийг ердөө л 3 хоромд буулгах боломжтой болжээ.

Таальбот өөрийн аргаа шууд гаргаж тавьсан бол даагэреотипийг гаргалгүйгээр мөхөөж чадах байсан ба нэгэнт их хүч хөрөнгө зарж бүтээсэн Даагэротипийг 10 жилийн дараа каалотайп шахан гаргажээ. Хожим нь энэ арга эхлээд хуурай, дараа нь нойтон желатин ялтсуудад шахагдан өөрчлөгдсөн билээ.

Ийнхүү хүн төрөлхтний олон чухал нээлтийн нэг болох гэрэл зураг урлагийн болон аж үйлдвэрийн шинэ салбар болон үүсэж хөгсөн байна. Хожим бромт мөнгө, хлорт мөнгө, йодот мөнгө зэрэг бодисуудаар гэрэл мэдрүүлэн, метол, эсвэл гидрохиноноор тодруулаад тиосульфат натригаар зогсоож төрөл бүрийн гадаргууд буулгадаг болсныг өнөөгийн бид хэрэглэж байна.  

Шинжлэх ухаан техникийн дэвшлийн эрин - өнөө үед тоон програмт зураг үүсэн хөгжиж байгаа нь зарим талаараа гэрэл зургийн ач холбогдлыг бууруулсан нь гэмт хэрэгтэн этгээдүүдийн бүртгэлээр ХIХ зууны сүүл үед баруун Европыг дагуулан шуугиулж байсан Бертильонаж буюу антропометрийн хэмжил зүйн арга ХХ зууны эхэнд дактилоскопи хэмээх гарын мөрний ухаанд зайгаа тавин өгсөнтэй төстэй ч бодит байдлыг дүрслэх чадал, засвар хийх, хуурамчаар үйлдсэнийг тогтоох боломж өндрөөрөө лав л урлаг, криминалистик зэрэг салбарт үнэлж баршгүй хэвээрээ байна.

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-4-15 - sain baina uu bagshaa

Бичсэн: Обдоо
bi tanii shavi G.Oyunbold bainaa 2002 onii tugsult
Taniig iim blogtoi gej saya medlee
bi iim blogtoi shyy bagshaa www.blogmn.net/criminology
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 8 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant