Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-30

Одорологи буюу үнэр судлал

Ертөнцийн амьтад, организмууд хүрээлэн байгаа орчноо мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар танин мэдэрч түүнээсээ хортой, хоргүй, ашигтай, ашиггүйг ялган, бие эрхтэн, амьдралын нөхцлөө түүндээ зохицуулан өсөж үржиж, сөнөж мөхөж байдаг нь шинжлэх ухаанд хэдийн тодорхой билээ.

Сүүн тэжээлт амьтдад мэдрэхүйн 5 эрхтэн үйлчилж гадаад орчны элдэв нөлөөг мэдрэн төв мэдрэлийн системд дамжуулж байдгийг Оросын нэрт анатомич И. П. Павлов “мэдрэлийн системийн үйл ажиллагааны онол”-оороо нутласан.

Энэ чиглэлд судалгаа хийгээгүй байх үед зэрлэг амьтдад харилцааны болон мэдээллийн хэрэглүүрийн үүргийг гүйцэтгэдэг дуу авианы, долгионы давтамжийн буюу түүнтэй төстэй механик ямар нэгэн хүчин зүйл үйлчилдэг байж болох юм гэсэн таамаг байсан бөгөөд судалгаа шинжилгээний ажлаа ч чухам үүнд голчлон хандуулдаг байв.  

Үүнийг судласаар мал, адгуус амьтдын мэдээллийн гол хэрэгсэл нь үнэр буюу “химийн хэл” болохыг тогтоожээ. Хүний хувьд хамгийн чухал мэдээллийг харааны болон сонсголын хүртэхүй дамжуулж, үнэрийн хүртэхүй төдийлэн үүрэг гүйцэтгэдэггүй. Харин адгуусан амьтны хувьд үнэр, түүний ач холбогдол маш чухал болохыг эрдэмтдийн хийсэн ажиглалт, судалгаа, шинжилгээний ажил батлажээ.

Үнэрийн хүртэхүй, үнэрлэх эрхтний ач холбогдлыг тодорхойлохын тулд хүний биеийн хөгжлийн явцыг эргэн саная. Эрт галавын үед, хүн хөл дээрээ биш, дөрвөн хөллөн явдаг байсан тэр цагт үнэрлэх эрхтэн газарт ойр байж, ертөнцийг үнэрийн мэдээлэл, сэрлээрээ голчлон таньж мэддэг байв. Тэр цагт хэл яриа хөгжөөгүй байсан тул хүн хүрээлэн буй орчны бүхий л мэдээллийг үнэртэх эрхтнээрээ дамжуулан авдаг байсан тул эрт цагийн хүний хамар, нүд, чихтэй нь адилтгах чнхал эрхтэн байжээ. Аажмаар, хүний организмын урт хугацааны хөгжлийн явцад бие эрхтний хөдөлмөрийн хуваарь хүнийг хөл дээрээ явдаг болгож босгосон цагаас хамар газраас холдон, мэдрэхүйн гоц чадвараа алдсаар одоо цөөн тооны хэдэн үнэр (1000 орчим) ялгадаг болж хоцорчээ. Судалгаанаас үзэхэд хүний үнэрлэх чадвар нохой зэрэг зэрлэг адгуусан амьтдаас 300-800 дахин бага байдаг. Энэ нь, хамар газраас холдсоноор хүний хамар дахь үнэр мэдрэх авуурын талаас илүү хувь (54%) нь ажилладаггүй болсонтой холбоотой болохыг үнэрлэх механизмыг судлан, 2004 онд Нобелийн шагнал хүртсэн, АНУ-ын эрдэмтэн Рийчард Ааксель, Лийнда Баак нар батласан.

Сүүлийн үед үнэрийн судалгаанд дэлхийн олон орны эрдэмтэд анхаарлаа хандуулах болж, одорологи буюу үнэр судлал, аромотерапевт буюу үнэрт эмчилгээ зэрэг салбарууд үүсэж бий болжээ.

1950-иад оноос нэгэн шинэ шинжлэх ухаан гарч ирсэн нь криминалистикийн одорологи буюу үнэрийн мөр, түүнийг танин мэдэхүйн тухай сургааль байлаа. Криминалистикт үнэрийг бичил мөрөнд хамааруулан судлаж ирсэн бөгөөд гарал үүсгэгчээр нь органик /хүн малын үнэр, үс ноос, ургамал амьтны гаралтай ширхэглэл г.м/, органик бус /төмөр, шороо, нунтаг зүйлс/ гэж, төлөвөөр нь хатуу, шингэн, хий болон холимог гэж, үүсгэгчээр нь хүний /хувь/, гэр орны, үйлдвэрлэлийн, эд юмсын, хөрс ургамлын, амьтдын зэргээр ангилдаг.

Хувь хүний үнэр зөвхөн тэр хүнд л байх, давтагдашгүй шинжийг агуулдаг бөгөөд энэ нь насан туршид тогтвортойгоор хадгалагддаг. Хүний үнэрийг үндсэн ба дагалдах үнэр гэж ангилдаг ба үндсэн үнэр дахин давтагдашгүй байдаг нь түүний организмын, генетикт үндэслэсэн, физиологи, биологийн үйл ажиллагаатай холбоотой. Харин дагалдах үнэр нь гадаад болон дотоод орчны нөлөө, ажлын ба гэр орны нөхцөл, хэрэглэж буй эд юмс, хүнсний онцлог, цаг агаарын нөхцөл зэргээс хамаатайгаар, үндсэн үнэр дээр нэмэгдэж үүсэх буюу дээрхи зүйлийн нөлөөлөл байхаа болиход замхран арилж байдаг байна.

Үнэрийн бүтцэнд дотроо олон төрлийн үнэр агуулагч, тосны хүчлийн нэгдлийн молекулууд оршдог бөгөөд химийн бүтцийн хувьд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч мэтийн дэгдэмхий хий агуулсан органик нэгдлүүд байдаг.

Үнэрт бодисын физик шинж түүний хэмжээ, хэлбэрийг илэрхийлдэг бол химийн шинж нь үнэрийг илэрхийлдэг байна. Үнэрт бодисын молекулууд хийн төлвөөр агаарт дэгдэн, шингэх буюу нэвчих маягаар тархдаг.

Хүнээс арьсаар дамжин гадаад орчинд ялгардаг хөлс, шингэн зэрэг нь хувь хүний үнэрийг илэрхийлдэг. Үнэр ялгаруулагч хөлсний булчирхайнууд хүний биеийн бүх гадаргууд тархаж байрласан байдаг бөгөөд биеийн нимгэн арьстай хэсгүүд, толгой, эрүүний орчимд илүү байдаг. Судалгаанаас үзвэл: - хөлсний булчирхай хүний биеийн гадаргууд 2-5 сая хүртэл тоогоор тархан, 1 см2 талбайд ойролцоогоор 140-339 ширхэг, – эрүүний орчимд 1 см2-т 400-900, толгой, дух, буйлны булчирхайнуудад илүү их шүүслэг ялгаруулдаг.

Хүн хоногт 500-800 см3, их халууцсан үедээ 2-2,5 л хөлс ялгаруулдаг. Айж цочсон, сандарсан, балмагдсан үед хэвийн хэмжээнээс их хөлс ялгаруулдаг бөгөөд худлыг илчлэгч буюу “liedetector”-ын нэг шалгуур чухам үүн дээр үндэслэдэг.

Түүнчлэн хүний арьсны гуужилт үнэрийг бүрдүүлэх нэг нөхцөл болдог. Хүний арьснаас хоногт хагийг оролцуулан 10-14 гр эпидермис давхрага гууждаг байна. Иймээс хүний хувь үнэр арьс, тос, хөлс зэрэгт буй тосны хүчлийн нэгдлээс бүрддэг байна.

Хүний булчирхайн эдүүдийн шүүрдэс, үсэрхэг хэсгийн үнэр зэрэг нь үндсэн үнэрийг бүрдүүлдэг бөгөөд энэ үнэр нь хувцас хунар болон хэрэглэж буй эд зүйлсэд нэвт шингэсэн байдаг.

Хүний хувь үнэрт хүрээлэн буй орчны үнэр нэмэгдэж, бусад үнэрүүдтэй холилдон дахин давтагдашгүй нэг үнэрийг бүрдүүлдэг аж. Үндсэн үнэр хэзээ ч өөрчлөгддөггүй бөгөөд гэр орон, ажлын байр, тогтмол иддэг хоол, удаан хугацаагаар эм уух зэрэг нь нэмэгдэл үнэрийг бүрдүүлдэг учраас хувирч өөрчлөгдөж байдаг байна.

Гэрийн тэжээвэр амьтдын дундаас үнэрийг ялгах биологийн зохицолдолгооны хувьд нохойг хамгаас илүү гэж үздэг. Нохойн үнэрлэх эрхтний үнэрийг хүлээн авах мэдрэлийн ширхэгийн нийт талбай нь 64,5 см2 байдаг бол хүнийх ердөө л 4,8 см2 байдаг аж.

Одоогоор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд био-илчлэгч болгож нохойг ашиглаж байгаа бөгөөд хэрэг, учралын газраас илрүүлсэн мөрөөр хэрэгтэн этгээдийг мөшгих, эд зүйлийг нуусан газраас нь олж илрүүлэх, зэвсэглэсэн онц аюултай этгээдүүдийг баривчлах, ангийн үс, арьс, наркотик болон мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл төхөөрөмжийг илрүүлэх зэрэг тусгай үнэрт сурган Цагдаагийн, Гаалийн, Иргэний агаарын тээврийн зэрэг байгууллагууд ашиглаж байна.

Үнэрийн мөрийг нутлагаа болгон ашиглахдаа хэрэг, учралын газарт хийх үзлэгийн явцад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үнэрийн мөрийг агуулж болох, гэмт хэргийн зэвсэг, хөлийн болон гарын мөр зэрэг дээр даавуу тавьж үнэрийг шингээж авна. Даавууг шилэн саванд хийж таглан лабораторит авчраад үнэр шингээсэн даавуу болон биет зүйлээс /жишээлбэл малгайг/ тусгай төхөөрөмжөөр үнэрийг нэрэн авч битүүмжлээд сэжигтэн этгээдийг тогтоох хүртэл үнэрийн санд хадгалдаг. Сэжигтэн этгээдийн үнэрийн дээжийг даавуунд шингээн авсны дараа нохойгоор үнэртүүлэн сонгон олуулна. 

Том тасалгааг голлуулан үнэрийн дээж бүхий шилнүүдийг тавилах ба учралын газраас бэхжүүлсэн үнэрийн мөрийг тэдэн дунд байрлуулна. Сургалтын явцад нохойг, түүнд үнэртүүлсэн үнэртэй адил үнэр илэрсэн тохиолдолд шинжээчид мэдээлэн дохио өгөхөд /хуцах, суух гэх мэтээр/ сургадаг. Нохой эрж буй үнэр бүхий шилээ олмогц дохио өгч, дэргэд нь сууна. Үүний нь төлөө түүнийг амттанаар шагнана. Нохой шаардлагатай үнэрийг олохгүй байж ч болно. Түүнээс зориуд худал мэдүүлэг өгөхгүй байхыг шаардаж боломжгүй. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө амттанаар шагнуулна гэдгээ нохой сайн мэддэг тул тэр үнэрээ л олж илрүүлэхийг хичээдэг. Хэрэв хайсан үнэрээ олохгүйд хүрвэл нохой амттанаар шагнуулахын тулд аль нэг шилний дэргэд сууж олсон дүр эсгэх тохиолдол бий. Туршлагатай сургагч нохой мэхлэхийг завдасныг шууд мэдэрч, мэхлэгчийг өрөөнөөс гарган үнэр бүхий шилнүүдийн байрыг сольж тавиад, өөр нохойгоор үнэртүүлдэг. Хэрэв хэд хэдэн ноход нэг үнэрийг итгэлтэйгээр сонгож байгаа бол эерэг үр дүнд хүрлээ гэж үзэн шинжээчийн дүгнэлт гаргаж эрүүгийн хэрэгт нутлагаа болгоно. Үнэр судлалын шинжилгээний бүхий л процесс нь ердөө л энэ.

Үнэр судлалын шинжилгээг зориулалтын хэрэгсэл төхөөрөмжийн тусламжтайгаар бас хийдэг бөгөөд үүнийг ольфактро[2] үнэр судлал гэдэг. Энэ үнэр судлалд үнэр илчлэгч болгож үнэрийн молекулыг мэдэрч, бүртгэн аваад  ольфактрограм хэлбэрээр үзүүлэх чадвар бүхий физик-химийн хэрэгсэл төхөөрөмжийг ашигладаг. Манайд өнөөгийн байдлаар согтуурлын зэрэг тогтоох зориулалт бүхий, цагдаагийнхан өөрсдөө “драйгер” хэмээн нэрлэдэг хэрэгслээс өөр ольфактро хэрэгсэл төхөөрөмж ашиглахгүй байна.

Ольфактроник буюу техникийн хэрэгсэл төхөөрөмж ашиглан хийх одорологийн экспертизийн цаашдын зорилго нь кинологийн одорологийн цуглуулж нутласан үнэрийн мэдээллийг техник хэрэгслээр давхар батлан ольфактрограмыг экспертийн дүгнэлтэнд хавсарган нутлаж өгөх асуудал юм.

 



[1] Одорологи – Англи хэлний “odour-үнэр” гэдэг үгнээс гаралтай үг.

[2] Латин хэлний olfactus – үнэр гэсэн үгнээс гаралтай үг.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2018-02-03 -

Бичсэн: Жаргалсайхан (зочин)
Сайн байна уу?
Мөхөс миний бичсэнээс хэрэгтэй зүйлээ олсонд зочин танд би их баяртай байна. Бас таны урмыг аргагүй хугалах болсондоо сэтгэл эмзэглэнэм.
Чин үнэнээ хэлэхэд үнэр идэгч ба дисаан гэж юу болох тухайг би яаж ч оролдоод ухаагүй. Л. Түдэв гуай "Үнэр идэгч" гэдэг эсседээ "Үнэр идэгч хэмээх амьтан байсан тухай хуучны домог уншаад гайхлаа.
Үнэр идэгч гэдэг нь утгагүй юм шиг бодогдоно. Үнэрийг зөвхөн үнэрлэж болохоос идэж болохгүй нь лав. Тэгэхээр эцэг дээдэс юугаа ярьж байсан юм болоо?
“Үнэр идэгч дисаан хоёр төрж дэгээд орныг эзэгнэв” гэж ном сударт гарна" гэж бичсэн байсан юм.
Үүнээс үзэхэд шашны номд үнэр идэгч гэж сүнсийг хэлдэг, сүнс нь үнэрээр хооллодог гэж үздэг байсан юм болов уу даа? гэж би бодсон.
Б.Ринчин гуайн “Энэтхэгийн яруу найргийн амт үнэрийг үлдээхсэн гэж...” өгүүлэлдээ Энэтхэгийн алдарт “Үүлэн зардас”-д алс газар цөлсөн нэгэн ягшас, амраг ханьдаа хэл өгөхөөр үүлийг элч болгон зарахдаа салхийг “үнэр хөлөглөгч”, “үнэд хөлөглөгч” гэж зүйрлэн бичсэнийг Ринчин гауй: “Үнэд гэж олон үнэрийг хэлэх нэр, олон нохойг ноход, олон газрыг газад гэдэгтэй адил” гэж тайлбарласан байсан тухай Г. Аким гуай “Марк Твений минь махы нь идэж дээ..!” эмхэтгэлдээ дурдсан байдаг.
Энэ бүхнээс үзэхэд үнэрийн тухай бидний өвөг дээдсийн төсөөлөл их өвөрмөц байж дээ гэсэн ганц л дүгнэлт хийж чадах байна.
Энд бичсэн мэйл хаяг болон 8904412 утсаар надтай холбоо барьж болно.
Хүндэтгэсэн Б. Жаргалсайхан.
. Шууд холбоос

2018-01-31 -

Бичсэн: Зочин
Сайн байна уу? таны дээрхийг уншаад хэрэгтэй зүйлээ олсндоо маш их баяртай байна. үнэр идэгч гэж юу юм бээ? дисаан гэж ямар утгатай юм бээ? та энэ асуултанд өөрийн бодлоороо яаралтай хариултаа бичээд өгөөрэй
. Шууд холбоос

2014-10-21 - Ноосны үнэр

Бичсэн: Ц.Ганболд (зочин)
Сайн байна уу. Би таны нийтлэлийг уншлаа дээрээс хойш хайгаад олохгүй байсан юм. Уншаад их ч таалагдлаа. Би ШУТИС-д ЭШ ажил хийдэг залуу судлаач байна. Монгол хонины ноосны үнэрийн талаар судалгаа явуулдаг юм тантай яаж холбоо барих уу надруу хандаж майл бичнэ гэж найдая. Мөн дамжуулан танилцуулаад өгөх хүн байх байхаа.
98221012 дугаарын утсаар холбоорой
баярлалаа
Хүндэтгэсэн
Ц.Ганболд
. Шууд холбоос

2011-07-19 -

Бичсэн: жагаа (зочин)
зарим хэсэг нь ялангуяа эхлэл хэсэг нь худлаа санагдлаа.
. Шууд холбоос

2011-03-25 - зочин

Бичсэн: Батка (зочин)
Сайн байна уу? маш сайн нийтлэл байна маш их таалагдлаа харин гэмт хэргийн тал дээр яаж дүн шилжилгээ хийдгийг мэдхийг хүсэж байна. гоё шүү
. Шууд холбоос

2010-01-04 -

Бичсэн: Жагаа (зочин)
маш сонирхолтой мэдээлэл байлаав та дараа одоо гарч байгаа үнэр тодорхойлох багажны талаар тухайлбал e-nose багажны талаар бичээрэй алга ташилт
. Шууд холбоос

2009-04-24 -

Бичсэн: Zoloo (зочин)
Сайн уу? Таны ажил төрөл сайн биз дээ. Эртэд таны "Нуталгаа, түүнийг битүүмжлэх" талаар тавих илтгэлийг сонсох гээд чадаагүй. Ашгүй блогийг тань олчихлоо. Энэ бичлэгүүд бидэнд хэрэгтэй сайхан бичлэг болсон байна. Ажлын амжилт хүсье.
zaya14@yahoo.com
. Шууд холбоос

2009-03-30 - bayarlalaa

Бичсэн: arius
saihan niitlel boljee. Taalagdlaa. BOLomjtoi bol uneriin tuhai iluu ihiig bicheerei.
Bi ooriigoo unerleh mederhuigeeree iluu olon zuiliig shiiddeg gej boddii shd tongue
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 6 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax