Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2010-2-23

тэргүүн байрын шагналт илтгэл

 блогмн-ий эрхэм уншигчдаасаа хүлцэл өчье. 1 дүгээр сарын 12-нд болсон Монгол улсын ардын багш, гавъяат хуульч, хөдөлмөрийн баатар Б. Чимидийн нэрэмжит хуралд илтгэл бияиж хэлэлцүүлэн тэргүүн байр эзэлснээ нийтийн хүртээл болгох гэж ихэд хичээсэн боловч блог руугаа нэвтэрч чадалгүй байсаар өдий хүрлээ. Өнөөдөр санаандгүй оролдоод үзтэл болж байна. РС мэддэггүй миний бүдүүлгийнх байсан юм шиг байна. дахин уучлаарай.

Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд байцаан шийтгэх

зарим ажиллагааг хэрэгжүүлэх

 

Монгол Улсын ЭБШХ-ийн долдугаар хэсэгт багтдаг “эрүүгийн хэрэг үүсгэх” ажиллагаа бол байцаан шийтгэх ажиллагааг эхлэн явуулах гарцаагүй, хууль ёсны үндэслэлийг хангалттай тогтоох, түүнд үндэслэн процессын шийдвэр гаргахаар эрх бүхий субъектын явуулдаг, ЭБШ ажиллагааны бие даасан шат билээ. Манай эрдэмтэн мэргэд ч энэ шатыг бие даасан шат гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

ЭБШ ажиллагааны анхны, бие даасан энэ шат бусад бүхий л шатны нэгэн адил өөрийн гэсэн зорилготой ба тэр нь дээр дурьдсан:

1. Процессын ажиллагааг хэрэгжүүлж эхлэх гарцаагүй бөгөөд хангалттай үндэслэл бий эсэхийг тогтоох, 2. Энэ асуултаар үндэслэл бүхий шийдвэр гаргах явдал.

Энд, “байцаан шийтгэх ажиллагаа” ба “процессын ажиллагаа” гэсэн нэрийдэлд та бүхний анхаарлыг хандуулъя. Яг байцаагаад, шийтгэчихдэг хуулиа бид “эрүүгийн хууль”гэдэг, харин байцаах, шийтгэх ажиллагааны журмын тухай хуулиа “байцаан шийтгэх” гэж нэрлэдэг. Эрүү гэдэг үг Монгол улс Манжид дагаар орж мөн хэлний “хаули” (Монгол бичгээр ингэж бичдэг) хэмээх үг Монгол хэлэнд одооны хууль гэдэг утгаар хэрэглэдэг байсан “журам, цааз, засаг” зэрэг үгийг халж орж ирсэн цагаас, Манжууд хэрэг хүлээлгэхдээ хэрэглэдэг байсан шаахайдах аргыг Монголчууд “эрүүний мах зулгаах” гэж жигшин ярьдаг байснаас гарсан үг. Өнөөдөр “эрүүддэггүй” хууль хэрэглэж байгаа бид энэ үгийг хэрэглэх нь хир зохимжтой вэ гэдгийг судлаач, эрдэмтэн та бүгдийн сонорт хүргэх гэсэн юм. Тэгэхээр хууль гэдэг үгийг монголчлохоо байг, адаглаад “эрүүдэх”, байцаан шийтгэх” гэдэг үгийг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй гэж бид үзэж байна. Хэрэв оноочих үг олдохгүй бол олон орны жишгээр процессын хууль гэдгээрээ явах нь арай дээр.

ЭБШ эрх зүйн онолоор энэ шатны зорилтыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бус, эрх зүйн өвөрмөц шинжтэй аргыг хэрэглэн шийддэг гэж үздэг ч тэрхүү өвөрмөц арга өөрөө процессын зарим ажиллагаа байдаг. Дэлхий дахин нийгмийн хоёр системд хуваагддаг байсан тэр үед “Хөрөнгөтөн орон иргэдийнхээ эрх чөлөөг уландаа гишгэдэг, харин манай социалист системд тийм биш, бид эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө мөрдөн байцаалтын ямар ч арга хэмжээг хэрэгжүүлдэггүй” гэдэг байсан энэ үзэл баримтлалд орчин цагт шүүмжтэй хандаж, дээрх зорилтыг мөрдөн байцаалтын аргаар шийдэж байгааг бид өнөөдөр хүлээн зөвшөөрөх ёстой. Өвөрмөц арга хууль бус байх боломжгүй, тэгвэл мөнөөх үндэслэл, шийдвэр маань хүчин төгөлдөр бус болчихно. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэх гарцаагүй үндэслэлийг хангалттай тогтоох, үндэслэл бүхий аль нэгэн шийдвэрийг гаргах, тухайн мөчид үйлдэж байгаа гэмт үйлдлийг таслан зогсоох, үйлдэхээр бэлтгэж, завдаж буй гэмт хэргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ гагцхүү хууль ёсны ажиллагаанд үндэслэх ёстой.

Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бий эсэхийг шалгасан эрх бүхий субъект бодит үндэслэлийг тогтоовол эрүүгийн хэрэг үүсгэх (ЭБШХ-ийн 172.1.1); эс тогтоовол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, татгалзах (172.1.2); гомдол, мэдээллийг шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлэх (172.1.3) гэсэн төгс шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэхээр хуульд заасан. Ийм шийдвэрийг гаргахын тулд тэдгээрийг нутлах[1] зайлшгүй шаардлагатай ч манай ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд түүнийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх хуралдааны үед л хэрэгжүүлэхээр заасан нь учир дутагдалтай хэрэг. Доктор Ж. Болдбаатар: “...эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эхний шат буюу эрүүгийн хэрэг үүсгэх үед нотолгоо явагддаггүй гэж үзэхээр байна”[2] гэсэнд дүгнэлт хийж энэ шатанд нутлах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай.

Энэ шат эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан эрх бүхий субъектэд тодорхой болсон цагаас эхлэх бөгөөд уг субъект түүнийг процессын зарим ажиллагаа явуулан шалгаад тийм үндэслэл бий эсэхийг тодорхойлж өгсөн шийдвэр гаргаснаар төгсдөг. Доктор, Ж.Болдбаатар: “Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бий болоход эхлэн, энэ талаар гарсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоход дуусна”[3] гэж үздэг нь тун зүйтэй үзэл баримтлал гэж бид үзэж байна. 

Процессын энэ шатны хамгийн гол онцлог нь эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа үед байцаан шийтгэх зарим арга хэмжээг энэ шатанд хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгардагт оршино.

Манай ЭБШХ-ийн 166.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл нь: а/. гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байх, б/. байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй байх явдал. Тэгж байж эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргах үндэс бүрдэнэ. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг хангалттай байгааг тогтоовол эрүүгийн хэргийг заавал үүсгэн шалгана, түүнээс татгалзах эрх хэнд ч байхгүй.

Харин мөн зүйлийн 1.1-ээс 1.5-д заасан: - гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн; - гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн; - гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн; - хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн; - гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт байгаа зэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл биш, зөвхөн шалтгаан нь. Өөрөөр хэлбэл, энэ таван шалтгааны аль нэг нь тодорхой болмогц дээрх үндэслэл байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хэрэгжүүлж эхлэнэ, аль нэг шалтгаан хараахан мэдэгдээгүй байгаа бол ийм ажиллагааг хийж болохгүй гэсэн үг. Тодорхой болсон аль нэг шалтгаанд тулгуурлан шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг тогтоогоогүй бол эрүүгийн хэрэг заавал үүсгэх албагүй, үүсгэхгүй байж ч (татгалзаж) болно. Үүгээрээ дээрх таван шалтгаан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлээс ялгарч байгаа хэрэг, хэрэв үндэслэл байсан бол түүнд үндэслэн эрүүгийн хэргийг заавал үүсгэх ёстой.

Энэ зүйлд “Гэмт хэрэг гарсан талаар...” гэж заасанд мөн шүүмжтэй хандваас зохино. Тийм ч учраас практикт үүнийг одоо болон ирээдүй цагт ойлгож хэрэглэдэг. Тэгэхээр үүнийг цаг заалгүйгээр “Гэмт хэргийн талаар...” гэж оруулж өгвөл илүү ойлгомжтой.

Бас 1.5-д: “...гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ баримт...” гэсэн нь Монгол хэлний идэвхгүй хэвийн нөхцлийг ашигласнаас Европын аль нэг хэл мэт сонтож байгаад шүүмжтэй хандууштай. Оросоор “Протокол прочитан следователем и прослушан мною” гэснийг “Тэмдэглэл мөрдөн байцаагчаар уншигдаж надаар сонстов” гэж хэлдэггүй. Эсвэл Мираандагийн сануулгад ордог “Your words will be taken down, and may be used against you” гэдгийг “Таны хэлсэн үг таны эсрэг ашиглагдах болно” гэж хэлдэггүй.

Доктор Б.Бат-Эрдэнэ “...эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа шинээр бий болох хууль зүйн факт бий болдог”[4] гэсэн бий. Тэгэхээр эрх бүхий субъектэд эдгээр шалтгааны аль нэг нь тодорхой болсон нь энэ фактыг зааж буй учир тэр үеэс ЭБШХ-ийн 1.1-д зохицуулахаар заасан: “ЭБШ ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцаа” үүсэж, цаашид хэрэгжүүлэх ажиллагааг мөн хуулиар зохицуулах шаардлага гардаг тул “эрүүгийн хэрэг үүсгэх” шатанд хийх ажиллагаа энэ үеэс процессын шинжийг агуулж, процессын тодорхой шийдвэр гаргахын тулд тэд ЭБШ зарим ажиллагааг хэрэгжүүлж эхэлдэг.

Эрүүгийн процессын харилцаа үүссэнээр эрх бүхий субъектууд мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагааг хийх, таслан сэргийлэх зэрэг процессын арга хэмжээ авах болон өөрсдийн тогтоосон гэмт үйлдлийн шинжийг урьдчилан зүйлчилдэг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийг ч энэ шатанд хэрэглэж эхэлдэг.

ЭБШХ-ийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүх төрлийн үзлэгийг болон 172 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан, хойшлуулшгүй дараах тодорхой ажиллагааг хэрэгжүүлж болохыг хуульд заасан. Үүнд:

172.3.1. хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах;

172.3.2. хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;

172.3.3. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэх;

172.3.4. хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийг саатуулах, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авах;

172.3.5. шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;

172.3.6. иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

172.3.7. нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;

172.3.8. гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох;

172.3.9. согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зэрэг болно.

Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бий болж, хуульд заасан, эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан тодорхой болмогц түүний бодтой[5] эсэхийг процессын зарим ажиллагааг хэрэгжүүлж байж нутлаж өгөхийн тулд ЭБШХ-ийн 172.5-д зааснаар: “...172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна”. Энэхүү хуульд заасан бүхий л ажиллагааг уг хуулийг мөрдөн явуулах гэж баталсан тул хэдхэн арга хэмжээг ингэж жичлэн үзүүлж байгаа нь бусад ажиллагааг явуулахдаа хуулийг баримтлах албагүй мэт буруу ойлголт төрүүлж мэдэх тул энэ заалтад шүүмжтэй хандах хэрэгтэй.

Улсын ерөнхий прокурорын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 123 тоот тушаалын хавсралтаар баталсан “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах журам”-д зааснаар: “...ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.3.2-оос 172.3.6 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг явуулахдаа тэмдэглэл үйлдэх ба тэмдэглэлийг мөн хуулийн холбогдох зүйлүүдэд заасан журмын дагуу үйлдэнэ”.

Түүнчлэн, ЭБШХ-ийн 38 дугаар зүйлийн 3-д: “Энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн... үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй” гэж зааж өгсөн. Энэ заалт мөн л уг шатанд ЭБШ ажиллагаа явуулж болохыг хууль зөвшөөрснийг харуулж байна.

Хууль ийнхүү “...гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна”, “...заасан ажиллагаануудыг явуулахдаа тэмдэглэл үйлдэнэ...” гэсэн болон “хойшлуулгүй ажиллагаа явуулж эхэлсэн үеэс өмгөөлөгчийг оролцуулахаар заасан дээрх заалтуудыг гаргаж, энэ шатанд ЭБШХ-ийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Процессын зарим ажиллагааг хэрэгжүүлж, гэмт хэрэг мөн эсэх тухай нутлаж байж эрүүгийн хэрэг үүсгэх үү, татгалзах уу гэдэг асуудлыг шийдэх боломж энэ шатанд сая гарч ирнэ, тэгэхгүйгээр процессын шийдвэр гарах үндэс бүрдэхгүй. Ийм шийдвэрийг аль болох түргэн хугацаанд гаргах шаардлагатай бөгөөд ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг шуурхай хамгаалж чадна. ОХУ-ын ЭБШХ энэ хугацааг 3 хоног, шаардлагатай тохиолдолд 10 хоног хүртэл сунгахаар заасан нь авууштай зүйл (ОХУ-ын ЭБШХ-ийн 144.1 ба 144.3.).

Энэхүү хуулийг бүхэлд нь мөрдөх гэж л баталсан тул дээр дурьдсан, ЭБШХ-ийн 172.5-д “...172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмаар явуулна” гэсэн илүүц зүйл. Хэдхэн арга хэмжээг ингэж жичлэн үзүүлж байгаа нь бусад ажиллагааг явуулахдаа хуулийг баримтлах албагүй мэт буруу ойлголт төрүүлж мэдэх тул энэ заалтад шүүмжтэй хандах хэрэгтэй.

Практикаас харахад хуулийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэх шатанд процессын ажиллагаа хийж болохгүй гэсэн ойлголт нилээд байдаг бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан нь ЭБШ ажиллагааг хэрэгжүүлж эхлэх үндэс болно гэдгийг дутуу ойлгодог. Цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж буй мөрдөн байцаагч нараас 60 хүн хамруулан явуулсан судалгааны дүнгээс:

1. “МУ-ын ЭБШХ-ийн 166 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тодорхой болсон нь ЭБШ ажиллагааг явуулж эхлэх үндэс мөн үү?” гэсэн асуултанд 73,3% мөн, 26,7% нь биш буюу мэдэхгүй гэж хариулсан байгаа нь манай мөрдөн байцаагчдын дийлэнх нь дээрх үндэслэл тодорхой болсон цагаас эхлэн ЭБШ ажиллагааг хэрэгжүүлж болно хэмээн ойлгож явдаг гэсэн, 

2. “Эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан хууль хэрэгжүүлэгч субъектэд тодорхой болсон цагаас эхлэн, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол гарахаас өмнө эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхэлж болох уу?” гэсэн асуултанд 53,3% нь болно гэж, 46,7% нь болохгүй буюу мэдэхгүй гэж хариулсан байгаа нь цагдаагийн мөрдөн байцаагчдын бараг тэн хагас нь ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн талаар буруу ойлголттой байна гэсэн,

3. “Эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан хууль хэрэгжүүлэгч субъектэд тодорхой болсон цагаас эхлэн, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол гарахаас өмнө эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж эхэлж байх зайлшгүй шаардлагатай юу?” гэсэн асуултанд 60% нь тийм, 40% нь үгүй, эсвэл мэдэхгүй гэж хариулсан байгаа нь тийм шаардлага амьдралд бодитоор байгаа гэсэн,

4. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэдийд хэрэглэж эхлэх ёстой вэ?” гэсэн асуултанд “ЭБШ харилцаа үүсэж эхэлмэгц” гэж 65%, “Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа” гэж 35% хариулсан байгаа нь мөрдөн байцаагчдын дийлэнх нь ЭБШХ-ийг тус хуулиар зохицуулах эрх зүйн харилцаа үүсэж эхэлмэгц хэрэглэнэ гэж үздэг байна гэсэн дүгнэлтийг тус тус хийж болохоор байна.

Гэмт хэргийн талаархи мэдээлэлд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд тэдгээрийн дийлэнхийг хохирогчид (иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан) гаргасан байдаг. Энэ онд, нийслэлийн нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэст түдгэлзүүлсэн байгаа эрүүгийн 20 хэрэгт хийсэн судалгааны дүнгээс харвал гэмт хэргийн тухай бүх мэдээллийг хохирогч-иргэд-байгууллага гаргасан байна.

Хохирогчид гэмт хэргийн золиос болчихсон тухайгаа мэдээлж ирсээр атал, тэрхүү мэдээлэл хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх шалтгааны нэг гэдэг нь тодорхой байсаар байтал, мөнхүү мэдээлэл ЭБШ эрх зүйн харилцааг үүсгэж, түүний бодтой үнэнийг тогтоохын тулд ЭБШ ажиллагаа явуулах шаардлага илт тулгарсаар атал уг мэдээлийг үгүйсгэж, төр иргэндээ итгэхгүй байгаа мэтээр түүнийг бэхжүүлэх хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж эхэлдэггүй нь манай гаж тогтолцооны нэг.

Дээр дурьдсан судалгааны дүнгээс харвал: өргөдөл, гомдлыг хүлээн аваад 10 хэрэгт буюу 50%-д нь 5 хоногийн дотор, 5 хэрэгт буюу 25%-д нь 14 хоногийн дотор, үлдсэн 5 хэрэгт буюу 25%-д нь 19 хоног, түүнээс дээш хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэрэв ОХУ-ын ЭБШХ шиг эхний хугацааг 3 хоног, сунгах хугацааг 7, нийт 10 хоногт болгон шуурхай шийддэг болчихвол энэ үзүүлэлт буурах нь дамжиггүй.

5 хоногийн дотор эрүүгийн хэрэг үүсгэсэн 4 хэрэгт эрүүгийн хэрэг шууд үүсгэн ЭБШ ажиллагаа явуулж, үлдсэн бүх хэрэгт буюу судалгаанд хамарсан нийт хэргийн 80%-д хохирогч болон гэрчүүдийг эрүүгийн хэрэг үүсгэсний дараа байцааж, түрүүнд “тайлбараар” авсан тэмдэглэлээ байцаалтын тэмдэглэл болгон хуулж бичсэн байна. 1 хэрэгт хохирогчийг огт асуулгүй байсаар 4 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарснаас хойш шууд байцаасан (эсвэл өмнө тайлбараар асуусан тэмдэглэлийг эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хэргийн материалаас сугалж авсан), 1 хэрэгт түрүүнд “тайлбараар” авсан тэмдэглэлийн сар өдрийг зассан, 2 хэрэгт өргөдөл гомдол шалгах хууль ёсны хугацааг хэтрүүлсэн байна. Дээрхи 80%-д буюу 16 хэрэгт хохирогч, болон гэрч 54 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш байцааж, хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгаа нь тэр хүртэл хууль ёсны эрх, ашиг сонирхол хөсөрдөж, төр иргэндээ итгэхгүй явсныг харуулж байна. Тэрчлэн энэ 20 хэрэгт 54 тэмдэглэлийг 2 дахин бичсэн байна гэсэн үг.

Хяналтын прокурорууд эрүүгийн хэрэг үүсгээгүй байж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд хийсэн ажиллагааг буруутгадаг. Иймээс практикт, иргэд гэмт хэргийн талаар мэдээлж ирмэгц түүнээс ЭБШХ-д зааснаар тайлбар авч байна. Зүй нь тайлбарыг байцаалтаар авч тэмдэглэлээр бэхжүүлж байж ЭБШХ-ийн 79.2-т заасан мэдүүлгийн шинжийг олж нутлагааны эх сурвалж болох учиртай. Тайлбар авч тэмдэглэл хөтөлж байгаа нь үнэн хэрэгтээ түүнийг байцааж, тэмдэглэл хөтөлж байгаа хэрэг боловч үүнийгээ байцаалтын бус, “тайлбар авсан тэмдэглэл” гэж гарчигладаг нь ЭБШХ-д огт байхгүй зүйл. Тэгсэн хирнээ хууль сануулж, зурвас цаасан дээр, тусад нь гарын үсэг зуруулна. Хожим, эрүүгийн хэрэг үүсгэвэл энэ цаасыг хэрэгт хавсаргана, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзахаар бол түүнийг сугалж авна. Дээрх судалгаанд хамарсан хэргийн 80%-д тайлбараар асуухдаа тэмдэглэлд хууль сануулаагүй байгаа нь үүнийг даруй батлана. Эрүүгийн хэрэг үүсгэхээр бол зохих шийд гарсны дараа мөнөөх “тайлбар”-ын тэмдэглэлээ цэг таслал ч орхилгүй хуулан байцаалтын тэмдэглэл болгодог. Зарим гэрч, хохирогч: “Наадахыг чинь би өмнө нь танд хэлсэн шүү дээ, хичнээн дахин бичдэг юм?” гэх мэтчилэн загнахаас эхлээд, түрүүчийн хийснээ бүгдийг дахин хийх, хугацаа алдах, мэдүүлэг өгсөн хүн гадаадад олон жилээр явах, ЭБШ ажиллагааг хэрэгжүүлж болдоггүйгээс (шинжээчийн дүгнэлт хүлээх г.м) шийдвэр гаргаж чаддаггүй, түүнээс болж гэмт хэргийн золиос болон өртсөн иргэдийн эрх ашиг хохирох мэт хүндрэл энэ үед гардаг.

Мэдээллийг хүлээн авахдаа мэдээлэл өгөгчид санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулахыг хууль зөвшөөрдөг тул (ЭБХШ-ийн 170.2) “тайлбар”-ыг байцаалтын тэмдэглэлээр авч түүндээ хуулиа сануулдаг байвал хожим худал мэдээлснийг тогтоосон тохиолдолд хуулийн хариуцлага оноох үндэслэл бий болж, энэ хүндрэлээс гарч болно. Хохирогчид гомдол гаргаж ирмэгц хууль сануулан хатуурхаж ханддаг боловч гэрч зэрэг бусад хүмүүст зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хууль сануулдаг нь хуулийн өмнө бүгд эрх тэгш байх үндсэн хуулийн зарчмыг алдуулж байгаагаар барахгүй энэ шатанд хууль сануулаагүй хүмүүс худал мэдээлж болохыг зөвшөөрч буй хэрэг мэт.

Хуулийн дээрхи заалт, журмыг зөв ойлгож, хэрэгжүүлбэл ЭБШ эрх зүйн харилцаа үүссэн цагаас эхлэн хуульд заасан, процессын ажиллагааг хэрэгжүүлж эхэлж болохоор байна. Эрүүгийн хэрэг үүсгэх хуульд заасан үндэслэл бий болсон үед, тийм үндэслэл үнэхээр байгаа эсэхийг тогтоохоор хийх процессын ажиллагаа өөрөө хууль ёсны ажиллагаа мөн. Тиймээс хуульд заасан хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байсан ч тэр хүртэл хийсэн ЭБШ ажиллагаа тийм үндэслэл алга буйг албан ёсоор тогтоож өгч буй баримт тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолоор өмнө хийсэн ЭБШ ажиллагаа хүчингүй болох учиртай. Харин манайд одоо хэрэгжиж буй практик үүнийг үгүйсгэж, эрүүгийн хэрэг үүсгэх бодит шалтгаан гарч ирчихээд байхад “эрүүгийн хэрэг үүсгээгүй” хэмээн ЭБШ тодорхой ажиллагаа явуулахыг хориглож байна.

 

Дүгнэлт

 

1.    Эрүүгийн хэрэг үүсгэх шат өвөрмөц зорилт бүхий, процессын бие даасан шат мөн.

2.    Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бий болмогц эрүүгийн процессын харилцаа үүсэж бий болдог нь процессын арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх үндэс мөн.

3.    Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлийг тогтоож, процессын шийдвэр гаргахын тулд ЭБШХ-ийн хэм хэмжээг мөрдөхийг уг хууль зөвшөөрсөн байна.

4.    ЭБШХ-ийн 80 дугаар заалт энэ шатанд нутлах ажиллагаа явуулах үндсийг бүрдүүлээгүй байна.

5.    Манай практик ажилтнууд ЭБШХ-ийн заалтыг гүйцэд ойлгож, хэрэгжүүлж чадахгүй байна.

 

Санал

 

1.    Эрүүгийн байцаан шийтгэх харилцаа үүссэн цагаас эхлэн процессын ажиллагааг хэрэгжүүлж болох тухай заасан ЭБШХ-ийн заалтыг зөв мөрдөх.

2.    Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд процессын арга хэрэглэн шалгаад тийм бодтой үндэслэлийг тогтоогоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолоор өмнө хийсэн ЭБШ ажиллагааг хүчингүй болгодог байх.

3.    ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Эрүүгийн хэрэг үүсгэх шат, ...” гэж, мөн зүйлийн 80.1.1-д “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл бий эсэхийг тогтоох...” гэж  тус тус нэмж оруулах зэрэг болно.  

 



[1] Б. Шагжа. “Монггол үсүг-үн дүрим-үн толи”. Хөхэ хота. 1997. 216 дахь тал; Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Уб. 1966. 390 дэх тал.

Энэ үгийн талаар Б. Ринчин авгай: “Монгол хэлэнд л-н харилцан солигддог учраас навч-лавч, нуух-луух, лут-нут гэдэг ажээ. Зарим нэгэн орчуулагч нар нутгийнхаа аялгууг дагаж нутыг нот гэх боловч лутыг арай лот гэхийг би дуулаагүй. Хүрээлэнгээс 1936 онд гаргасан толь бичигт энэ байдлыг харгалзан, утга зохиолын дуудлагыг нэгэн мөр болгохын учир, нилээд хянаж тогтсон нь нут-нутлах гэсэн билээ. Монголч эрдэмтний эрдэм шинжилгээний зохиолд ч нут-нутлах гэж дуудлагыг магадлан тогтоосон тул, одоогийн хэвлэлд о-гоор дуудагддаг орчуулагч нарын дуудлагыг баримтлан нот, нотлох гэж бичдэг нь, монгол хэл, хэлний шинжлэлийн баримттай нийлүүлтэл, баахан ташаа болох тул, үнэн зөвөөр нь нутлах гэж бичлээ” гэсэн бий[1].

 

[2] Ж. Болдбаатар. Эрүүгийн хэрэг үүсгэх шатан дахь нотолгооны онцлог. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл. 2004 он. № 4. 22 дахь тал.

[3] Мөн тэнд.

[4] Б. Бат-Эрдэнэ. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Тусгай анги. Уб. 1999. 3 дахь тал.

[5] Б. Шагжа. “Монггол үсүг-үн дүрим-үн толи”. Хөхэ хота. 1997. 259 дэх тал; Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Уб. 1966. 87 дахь тал.

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-5-21 -

Бичсэн: Анахай
хэхэ кримниластикийн бие даалтаа хийх гээд нетээс юм хайхад энэ блогноос л мэдээлэл авлаа гоё шүү
баярлалаа
бас энэ илтгэлийг уншиж байсан юм байна.. баяр хүргэе алга ташилт
. Шууд холбоос

2010-5-21 -

баяр хүргэе багшаа та криминалистикийнхаа чиглэлрүү илүү түлхүү нийтлэл, криминалистикийн техникын талаас шинэ бий болж байгаа шинжилгээний төрөл, шинжлэх ухааны ололт амжилтыг илүү бичвэл суралцагсад бидэнд лүү их хүртээмжтэй байх болно
. Шууд холбоос

2010-4-22 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2010-2-24 - tyryylsend tani bayar hyrgye bagshaa

Бичсэн: Обдоо
Goyo iltgel bolson baina lee
bayar hyrgye bagshaa
Niitiin hyrteel bolgoj baigaa ni goyo shyy
Oyunbold
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 4 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant