Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-3-12

Криминалистикийн одорологийн талаар

Одорологи буюу “үнэр судлал”-ын “одоро” нь Англичууд “odour”, Америкчууд “odor” гэж бичээд [ооүдө] хэмээн дууддаг “үнэр” хэмээх үгнээс, “логи” нь Гэрэг хэлний “логос” - үзэх, судлах гэсэн үгнээс тус тус гаралтай үг болой.

Одорологи нь криминалистикийн тогтолцоог бүрдүүлэгч дөрвөн салбарын нэг болох криминалистикийн техник зүйд, тухайлбал трасологи буюу мөр судлалд багтаж явдаг бөгөөд үнэрийн тухай мэдэгдхүүн, үнэрийн мөр үүсэх явц зүй, түүнийг илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, ашиглах тусгай арга хэрэгсэл, техник, технологийн тухай мэдлэгийн тогтолцоо билээ.

“Үнэр” хэмээх ухагдхуун хоёр утгыг агуулдаг. Нэгд: амьтан, ургамал, эрдэслэг гаралтай материаллаг объектуудаас байнга ууршин ялгарч буй тухайн биетийн бичил хэсэг-молекул шинжийг хэлнэ. Хоёрт: үнэрт бодис хүний үнэрийн авууртай харьцаснаар хүнд мэдрэгдэн бий болж байгаа субъектив төсөөлөл.

Англиар “receptor”, Оросоор “рецептор” хэмээх үгийг Монгол хэлэнд авуур хэмээн буулгасан байдаг бөгөөд авуурууд хүн, амьтны мэдрэлийн ширхгийн төгсгөлд байрлаж үнэр, өвдөлт, дулаан зэргийг мэдрэн төв мэдрэлийн системд дамжуулах үүрэг хүлээдэг. Криминалистикт үнэрийг нэгдүгээр ухагдхуунаар нь, харин биологийн ухаанд хоёрдугаар ухагдхуунаар нь тус тус судлана.

Трасологид “Хоёр объект харилцан үйлчилсний дүнд нэг объектын гадна бүтцийн онцлог шинж нөгөө объектдоо хуулбарлагдан үлдсэн ормыг мөр гэнэ” гэсэн тодорхойлолт бий. Үнэрийн мөр ч энэ тодорхойлолтонд багтдаг бөгөөд үнэрээ үлдээсэн объектыг үүсгэгч, үнэрийг хүлээн авсан объектыг хүлээн авагч объект, харин үлдсэн үнэрийг үнэрийн мөр хэмээн тус тус нэрлэдэг. Криминалистикийн одорологид үнэрийг дараах дөрвөн шинжээр тодорхойлдог. Үүнд: 

- Мөр үүсэх явц зүйн тасралтгүй үргэлжлэх шинж. Өөрөөр хэлбэл нэг удаа мөр үүсгээд л зогсдог, трасологийн мөр үүсгэгч бусад объектуудаас (жишээлбэл, эвдлэгч багаж, галт зэвсэг, гар, хөлийн мөр г.м.) ялгаатай нь үнэрийн мөрийг хүлээн авагч объект хүрээлэн буй орчинд уг үнэрийг эргүүлэн тасралтгүйгээр ялгаруулж эхэлдэг. Ийн ялгаруулж дуусах хугацаа нь хүрээлэн буй орчны нөхцөл, агаарын температур, урсгал /салхи/ зэргээс хамааран өөр өөр. Дээр дурьдсан үнэрийн лабораторийн хийсэн судалгаагаар зуны халуун өдөр /агаарын to=~30оС, салхины хурд 9-12 м/сек орчим/ үүссэн үнэрийн мөр одорологийн мэдээллээ дөрвөн цаг хадгалдаг болохыг лавтай тогтоосон бөгөөд энэ чиглэлд цаашид судалгааг үргэлжлүүлэн хийж байна. 
- Үнэрийн мөрний бүтэц, дотоод найрлагын хөдөлгөөнт шинж. Үнэрийг бүрдүүлэгч молекулууд хоорондоо холбоогүй, хүрээлэн буй орчны агаартай болон өөр хоорондоо байнга холилдон шингэж байдаг. Хэдий хоорондоо холилддог ч нэгдэж нэг шинэ үнэрийг үүсгэдэггүй, тус тусын үнэрийг ялгаруулж байдаг. Задгай орчинд мөр хүлээн авагч объектын орчимд үнэр илүү өтгөн, түүнээс холдох тутам улам сийрэгжэнэ. Тиймээс хүний явсан замыг дагаж “үнэрийн коридор” буюу үнэрийн молекул тархаж байгаа зурвас үүсдэг. Эрэлч нохой хүний үнэрийн мөрөөр мөшгихдөө алхмын шугамнаас хоёр тийш тавин см орчим яваад буцаж явдаг нь ч үүнийг нутладаг. Бидний ойлгож заншсанаар нохой гутлын мөрөн дээрээс ялгарч буй үнэрийн молекулыг биш, чухам энэ зурвасыг дагаж явдаг болохыг бидний явуулсан туршилт батласан. 
Хязгаарлагмал, харьцангуй вакум орчинд үнэрийн мөр өтгөн, шингэний хувьд хаанаа ч адилхан, жигд найрлагатай байдаг. Чухам ийм учраас үнэрийн мөрийг савлан битүүмжилж санд хадгалж болдог ба Орос, Унгар, Болгар зэрэг орнуудын араас хамгийн сүүлд 2007 оны долдугаар сард Францын Үндэсний цагдаагийн газрын шинжлэх ухаан техникийн салбарын Лион хот дахь хэсэг 2 жил орчим хугацаатай хийсэн судалгаандаа үндэслэн: “Гэмт хэрэгтэй тэмцэхэд одорологийг ашиглах нь гарын мөр болон ДНХ-ийн нэгэн адил өгөөжтэй”[1] гэж зарласан бол Хятадын Нанжин дахь Цагдаагийн нохойн судалгааны төвийн ажилтнууд “Үнэрийг ашиглах болсон тул одооноос эхлэн гарын мөр болон ДНХ-г март”[2] хэмээн интернэтэд цацжээ. Манайд энэ чиглэлээр 1990-д оноос эхлэн сан бүрдүүлж эхэлсэн боловч одоог хүртэл тогтворшиж ажиллаагүй учраас эхлэл төдий байна. 
- Сарнимтгай шинж. Үнэрийн мөр битүү сав болон задгай агаарт сарних, эсвэл бөөгнөрөх шинжийг агуулдаг. Иймээс найрлага нь өөрчлөгдөж өтгөрөх буюу шингэрч байдаг байна. Үнэрт бодисын мэдрэгдэх доод хэмжээг 1 см3 агаарт агуулагдах үнэрийн молекулын тоогоор тодорхойлох бөгөөд түүнээс цөөн молекул агуулсан тохиолдолд үнэрийг мэдрэхгүй гэсэн үг. Хүн болон амьтан, хорхой шавьж, загас, нохой зэргийн үнэр мэдрэх доод хэмжээнд хийсэн судалгааны дүнгээс тэдний үнэр мэдрэх чадвар хоорондоо хичнээн их ялгаатай болохыг харж болно. “Жирийн хүн 1000 төрлийн үнэрийг төвөггүй ялгаж чаддаг”[3], “хаадын хоол амтлагч”, дарсны үйлдвэрийн “амтлагч” буюу “дегустатор” хэмээгч мэргэжилтэй хүмүүс “тусгайлан сургалт дасгал хийснээр 14 000 - 17 000 үнэр ялгадаг болдог”[4], “энгийн нохой жирийн хүнээс ойролцоогоор 800 дахин илүү үнэр ялгаж чаддаг”[5] гэвэл жирийн нохой 800 000 үнэр, дасгал сургууль хийлгэсэн нохой нэг сая орчим үнэрийг ялгаж чадна гэсэн үг болно. Үнэрийн мөрний сарниж, замхарч дуусах хугацаа нь гарын мөрнийхтэй ойролцоо байдаг болов уу гэсэн таамгийг бид дэвшүүлж байгаа бөгөөд “ОХУ-ын эрдэмтдийн тогтоосноор гарын мөрийг 2-4 сарын дараа физик нунтаг ашиглан тодруулж болж байсан бол АНУ-д 1954 онд 4-р сард Жон О’Нил гэгч нууц амрагаа алж мөчлөн төмөр хайрцганд хийж голд хаясныг 8 жилийн дараа, 1962 оны Х сард олж никельдсэн төмөр дээрээс гарын мөр илрүүлж байсан тохиолдол бий”[6]. Мөн химийн урвал ашиглан 3 жилийн дараа гарын мөрийг илрүүлж байсан нь, гарын мөрийг илрүүлэхэд ашигладаг химийн бодисыг мөрөн дахь тослог, хөлсний зүйлтэй урвалд ордог бодисуудыг тусгайлан сонгож авдаг тул гарын мөр тодорч байгаа нь тэнд хөлс, тослог байгааг гэрчилдэг. Нэгэнт тийм үлдэгдэл байгаа хойно үнэрийн тухайд ч түүнтэй адил байж болох бус уу? гэсэн асуулт тавихад хүргэдэг. Энэ чиглэлд мөн дээрхи лабораторид Цагдаагийн Академийн криминалистикийн тэнхимтэй хамтран судалгааны ажил хийж байна. 
- Хуваагдамтгай шинж. Үнэрийн мөрийг хэсэг бүр нь адил чанарын үзүүлэлттэй хэд хэдэн хэсэгт хувааж болно. ДНХ агуулсан объектуудын полимеразын гинжин урвалын адил үнэрийн нэг эх сурвалжаас нэгэн зэрэг буюу хэсэг хугацааны дараа хэд хэдийг хувилан авах боломжтой гэсэн үг бөгөөд тэдгээрт агуулагдах үнэрийн мэдээлэл адилхан байдаг. Иймээс үнэр үүсгэгчийг шууд тусгаарлан авах боломжгүй бол дараа дараагийн экспертизэд зориулан хэд хэдэн хувийг түүнээс хувилан авч болно. 
Санд авч битүүмжилсэн үнэрийн мөрийг ч ийм маягаар, адил найрлагатай хэд хэдэн хувь болгон олшруулж болно. Битүүмжилсэн үнэр харьцангуй тогтвортой шинжийг агуулж, удаан хугацаагаар өөрчлөгддөггүй. Шаардлагатай үед битүүмжилсэн үнэрийг зөөвөрлөж болно. Санд оруулж хадгалах буюу одорологийн экспертиз хийлгэхээр сэжигтэн этгээд, хохирогчдын хувцас, алчуур зэргийг битүүмжлэн ирүүлж бас болно. 
Үнэрийг мэдрэгч организм, хэрэгсэл төхөөрөмжийг үнэр илчлэгч гэх бөгөөд биологийн болон техникийн гэж ангилна. Амьтны үнэрлэх эрхтнийг био-илчлэгч гэх бөгөөд бүтэц зохион байгуулалт нь тэр амьтныхаа организмын хөгжлийн түвшингээр тодорхойлогдоно. Үнэрийн мөрийг илрүүлэх, бүртгэх, тусгаарлах болон шинжлэх аргаас хамааран одорологийг кинологийн[7] ба хэрэгсэл төхөөрөмжийн /ольфактроник[8]/ гэж ангилдаг[9]. 

Кинологийн үнэр судлалд үнэр илчлэгч болгож тусгайлан сургасан нохойг ашигладаг. ОХУ-ын туршлагаас үзвэл нохойг зөвхөн үнэрийн мөр илрүүлэхэд ашиглаад зогсохгүй одорологийн экспертиз явуулахад ч бас ашиглаж байна. ОХУ-ын Эрхүү мужийн Зима хотын нэгэн сургуулийн хашаанд иргэн Е. Мерикагийн цогцсыг олсон бөгөөд биеэрээ дүүрэн битүү шархтай байжээ. Түүнийг алсан хэрэгт В. Шевчук гэгчийг сэжиглэсэн ба цамцан дээр нь цусны толбо байгааг илрүүлэн асуухад Шевчук өөрөө тайлбарлаж чадахгүй байж. Цусанд хийлгүүлсэн биологийн экспертиз уг цусан толбыг Шевчукийн цус биш, харин Мерикагийнх байж болно гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эрхүү мужийн Прокурорын газар одорологийн экспертиз хийлгэхийг даалгаж хохирогч Е. Мерика, сэжигтэн В. Шевчукийн цусны дээж, цусан толбо бүхий цамцыг хүргүүлэн дараах асуултыг тавьжээ. 1. Экспертизэд ирүүлсэн цамцанд сэжигтэн В. Шевчукийн үнэр байгаа эсэх? 2. Экспертизэд ирүүлсэн цамцан дээр байгаа цусан мөрөнд хохирогч Е. Мерикагийн үнэр байгаа эсэх?

Тусгайлан сургасан ноход ашиглан хийсэн одорологийн экспертизээр, шинжилгээнд ирүүлсэн цамцанд иргэн В. Шевчукийн үнэр байгаа, мөн цамцан дээр байгаа цусны толбонд хохирогч Е. Мерикагийн үнэр илэрч буйг тогтоон нуталжээ[10].

Хэрэгсэл төхөөрөмжийн үнэр судлалд илчлэгч болгож үнэрт бодисын молекулыг ялгаж бүртгэн, өндөр мэдрэмжтэйгээр олж тогтоох чадвар бүхий химийн болон физикийн хэрэгсэл төхөөрөмжийг ашигладаг бөгөөд хийн анализатор болон хийн хромотграф зэрэг тэдгээр хэрэгсэл төхөөрөмж нь түүний авуур дээр үнэрт бодисын бичил хэсгүүд үйлчлэхэд түүний химийн, цахилгааны, радио идэвхит болон бусад үзүүлэлтэд орсон өөрчлөлтийг мэдрэн улмаар хүлээн авагчид дамжуулах, спектрограмм болон ольфактрограмм хэлбэрээр бичлэг хийн бүртгэх процест үндэслэнэ. Үнэрийн мэдээллийг илчлэгч техник, хэрэгсэл төхөөрөмжүүд одоогоор биологийн илчлэгчээ гүйцээгүй байна. 

Ольфактроникийн үндсэн зорилтын нэг нь агаарт хөвөгч /хийн төлөвт/ бодисын спектрийг бүртгэх, үнэрийг тодорхойлох, үнэрийн найрлагын бичлэг хийн математик тооцоонд оруулах, хүний ялгаруулж буй үнэрийн зарим найрлагыг өндөр мэдрэмжтэйгээр бүртгэх, ольфактрограмм хэлбэрээр үзүүлэх чадвар бүхий хэрэгсэл төхөөрөмж, арга хэрэгслийг гаргаж боловсронгуй болгох явдал.

Амьтдын үнэрлэх эрхтний нууцыг судалснаар түүнтэй төстэй, үнэр илчлэгч зохиомол хэрэгсэл төхөөрөмжийг бүтээн задлан шинжлэх арга боловсруулах /масс-спектрометр, хийн болон цаасан хромотграф, хромотмасс-спектрометр, хэт улаан туяаны спектрометр болон бусад/ хийн төлөвт биетэд маш нарийвчилсан задлан шинжилгээ хийх хэрэгсэл төхөөрөмжийг зохион бүтээх боломж олджээ. ЗХУ-ын криминалистуудын зохион бүтээсэн “Хүүр эрэгч” төхөөрөмж нь илжрэх явцад ялгарах муудсан агаарын найрлагыг мэдрэхэд үндэслэсэн бол хүний амьсгалаар гарч буй агаарын бүтцэд агуулагдах алкаголийн хэмжээг тодорхойлох хийн анализаторыг манай цагдаагийн албад ашиглаж байна.

Үнэрийн агуулах мэдээллийг ашигласнаар хүнд гэмт хэргийг илрүүлэх нөхцлөөр бүрдүүлэх бөгөөд түүнийг боловсруулснаар:

- гэмт үйлдлийг болон гэмт этгээдийг тогтоох,

- хэд хэдэн учралын газраас илрүүлсэн үнэрийн мөр нэг этгээдийнх болох,

- нэг учралын газар дээрээс илрүүлсэн хэд хэдэн төрлийн үнэр нэг этгээдийнх болох,

- хэрэг учралын газраас болон өөр бусад газраас илрүүлсэн эд зүйл нэг хүнийх болох,

- сэжигтэн этгээд болон бусад этгээдээс хураасан эд зүйлс хохирогчийнх болох,

- сэжигтэн этгээдийн ойролцоо нас, оршин суух газар, ажил мэргэжлийн онцлог,

- хамтарсан экспертизээр /жишээлбэл хөлс, цус, үс, гутал хувцас зэрэгт хийх/ тодорхой нэг этгээдийнх болох,

- сэжигтэн этгээд тодорхой төрлийн хүнс, хүнсний болон эмийн зүйлийг тогтмол хэрэглэдэг болох,

- сэжигтэн этгээдийн өвчин, өвчний төрөл /ялангуяа дотор эрхтний/ зэргийг харьцангуйгаар тогтоож болно.

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд маргаан гаргахгүйн үүднээс нохойн сонгосон үнэрийг нуталгаа болгон ашиглах асуудлыг техникийн аргаар шийдвэрлэн, эрэлч нохойн илрүүлсэн үнэрт давхар боловсруулалт хийж бэхжүүлж өгөх боломж бий. Үнэрийн мөрийг судлан шинжлэх замаар гэмт хэргийн талаар бодит мэдээлэл гаргаж авахад үнэрийг тоон үзүүлэлтээр хэмжиж, үнэрт бодисын спектрийг ялган, ольфактрограмм хэлбэрээр бичлэг хийх, өндөр мэдрэмжтэйгээр олж тогтоох чадвар бүхий химийн болон физикийн хэрэгсэл төхөөрөмжийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Үнэр үүсгэгчээс мэдээлэл гаргаж боловсруулах иймэрхүү хэрэгсэл төхөөрөмжийг ашигласнаар үнэрээр адилтгалын экспертиз явуулах боломж ч гарч ирэх юм. 
Харин энэ асуудлыг шийдлээ олох хүртэл үнэрийн мөрийг илрүүлэх, нутлахад био-илчлэгчийг ашиглаж байна. Криминалистикийн одорологид нохойноос өөр амьтан ашиглах зарим санал дэвшүүлдэг. Жишээлбэл судалгаагаар гахай нохойноос олон төрлийн үнэр мэдэрдэг болохыг тогтоосон хэдий ч сургалтын асуудал ээдрээтэйгээс болдог байх, био-илрүүлэгч болгох асуудлыг ярьдаггүй. Венесуэлийн Каракас хотноо залуу арсланг наркотик бодисын хил дамжсан наймаанд ашиглахаар төлөвлөж буйгаа арслангийн үнэрлэх эрхтний хөгжил нохойныхоос эрс илүү байдаг гэж тайлбарлаж байгаа[11].

Цаашид үнэрийн мөр үүсэх явц зүйд тус албаны үнэрийн лабораторийн хийх судалгааны дүн, шинжлэх ухаанлаг аргачлалд үндэслэн одорологийн экспертиз явуулах журам, аргачлалыг гаргаж боловсруулах юм. Одорологийн экспертизийн дүгнэлт нь нуталгааны нэг төрөл бөгөөд түүнийг бусад нуталгааны нэгэн адил нийлбэр дүнгээр үнэлнэ.

Цаашид ольфактроник буюу техникийн хэрэгсэл төхөөрөмж ашиглан одорологийн экспертиз явуулж, ольфактрограммыг экспертийн дүгнэлтэнд хавсарган нутлаж өгөх, үнэрийн санг ашиглан сэжигтэн этгээдийг тогтоох, туршилтын сангийн үр дүнг шинжлэх ухаанлаг аргачлал болгон боловсронгуй болгох асуудлыг тус лаборатори зорилтоо болгон тавьж байна.

Шинжлэх ухааны мэдлэг нэгдэж байгаа энэ эрин үед одорологийн чиглэлд биологи-криминалистикийн ухааны нэгдсэн мэдлэг дээр суурьласан одорологийн экспертиз хийх аргачлалыг гаргаж боловсруулах ажил цаашдын чиг хандлагын хүрээнд шийдвэрлэх асуудлын нэг юм. 

Зөгий, жоом зэрэг шавьжны үнэрийг ч дуурайлгаад хийчихэж чадаж байгаа орчин үед уламжлалт кинологийн үнэр судлалын зэрэгцээ ольфактроник үнэр судлалын чиглэлээр хослуулан хөгжүүлж үнэрийн экспертизэд тавьсан асуултанд шууд дүгнэлт өгөх, экспертийн дүгнэлтэнд үнэрийн спектрийг бүртгэсэн ольфактрограмм хавсарган нутладаг болох цаг маш ойрхон ирээд байна.

 

 

 



[1] “Daily telegraph” сонин. “Burglars, don’t leave your smell behind”. KIM WILSHER.  Paris, July 27

[2] http://www.pinktentacle.com/2006/03/chinas-body-odor-databank-sniffs-out-crime/

[3] Психофизиологические основы органолептики. http://www.nkj.ru/

[4] Мөн тэнд.

[5] Пенкина. Н. В. Реферат: “Одорология в доказывании преступлений”. Волгоградская академия государственной службы., 1999. http: //www. Odorology.htm/

[6] Б. Жаргалсайхан. Криминалистикийн техник. Улаанбаатар. 1998. 58 дахь тал

[7] Гэрэг хэлний кинос- нохой гэсэн үгнээс гаралтай үг.

[8] Латин хэлний olfactus – үнэр гэсэн үгнээс гаралтай үг.

[9] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 472 дахь тал.

[10] Пенкина. Н. В. Реферат: “Одорология в доказывании преступлений”. Волгоградская академия государственной службы., 1999. http: //www. Odorology.htm/

[11] Мөн тэнд бий.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-5-9 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 11 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant