Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-09

Хорт үйлийн үнэр

Хорт үйлийн үнэр

 

Генетикийн экспертиз хүчин мөхөсдөх зүйлийг ч нохойн хамар тогтоож чадна

 

“Московский комсомолец” сонин, 2007 оны 3 дугаар сарын 16.

Сурвалжлагч Ольга Богуславская

 

Нэгэнтээ, өндөр барилгатай хорооллын ойролцоо, эргэн дотор, үл таних эмэгтэйн хүүр байгааг олжээ. Мөрдөгчид уг эмэгтэйг ойролцоо байшингуудын нэгэнд амьдардаг байж болох юм гэж үзэв. Харин аль байранд бол?

Хүний үнэртэй ажиллуулж сургасан нохой авчран үнэртүүлж тавихад нохой нэгэн байшингийн орц руу орж, улмаар талийгаач эмэгтэйн амьдарч байсан байранд мөрдөгчдийг аваачжээ.

Дөчин жилийн тэртээ нэгэн шинэ шинжлэх ухаан гарч ирсэн нь криминалистикийн одорологи буюу үнэрийн мөр, түүнийг танин мэдэхүйн тухай сургааль байлаа. Криминалист-профессор С. Самищенкогийн онож хэлсэнчлэн: цагдаагийн ноход хүчирхэг мөрдөгч, хамгаалагчдаас лабораторийн, чимээгүй эрдэмтэд болон хувирсан бөгөөд тэдэнд цагаан халат, нүдний шил л дутаж байгаа билээ. 

 

Хэн нэгэн хүний эргэн тойрны агаар бүх хүн төрөлхтөний дотроос зөвхөн түүнд л байдаг молекулын нийлбэр байдаг.

Хүн бие болон хувцсаараа хүрч шүргэсэн бүхий л зүйлд түүний үнэрийн мөр үлддэг. Тиймээс хүмүүс энэ үнэрийг тусгай бэлтгэгдсэн нохойгоор таниулж сурчээ, өөрөөр хэлбэл криминалист-экспертүүд гарын мөр, бичгийн хэв, гэрэл зураг зэргээр гэмт этгээдийг тогтоодог шиг хүнийг үнэрээр адилтгах юм.

2004 онд Америкийн эрдэмтэн Рийчард Ааксель, Лийнда Баак нар үнэртэх механизмын судалгаагаараа Нообэлийн шагналыг хүртжээ.

Үнэрийн давтагдашгүй шинжийг танин мэдэх механизмыг одоо тайлсан гэж харьцангуйгаар хэлж болно. Өөрөөр хэлбэл “үнэрийн паспортын” нууцыг хэдийн илчилжээ.

Энэхүү “паспорт”-ыг нохой гайхалтайгаар уншдаг аж. Нохдод тэнд “мэддэггүй үсэг” байдаггүй болох нь тогтоогдсон байна.

ОХУ-д үнэрийн мөрийг шинжлэх аргачлалыг Клим Тимофеевич Сулимов боловсруулж эхэлсэн юм. Сулимов бол ДЯЯ-ны экспертизийн байгууллагад бүх насаараа ажилласан биологич хүн. Хожим нь түүнтэй химич Василий Иванович Старовойтов нэгдсэн бөгөөд чухам энэ хоёр хүн л хүнийг үнэрийн мөрөөр адилтгах экспертизийн аргачлалыг үндсэндээ тэгээс нь эхэлжээ.

1977 онд Клим Тимофеевич цөөвөр чоныг лайка /анч/ үүлдрийн нохойтой нийлүүлэн шинэ үүлдрийг гаргаж авсан нь эцэг цөөврөөсөө өвлөж авсан гайхалтай үнэрч нохой гарсан байна.  

Тэдний зорилго нь нохдыг үнэрийг ямар ч алдаагүйгээр харьцуулаад экспертэд “мэдэгдэж” чаддаг болгох явдал байв.

Үнэрийн мөр амархан замхардаг тул учралын газарт очмогцоо л түүнийг цуглуулах шаардлагатай. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийн үнэрийн мөрийг агуулж болох зүйл дээр цууямбуу даавуу тавьж үнэрийг шингээж авна. Даавууг шилэн саванд хийж таглан лабораторит авчраад үнэр шингээсэн даавуу болон биет зүйлийг /жишээлбэл малгайг/ самогон нэрдэг аппараттай төстэй төхөөрөмжөөр үнэрийг нэрэн авч битүүмжлээд сэжигтэн этгээдийг тогтоох хүртэл хадгална. Сэжигтэн этгээдийн үнэрийн дээжийг даавуунд шингээн авсны дараа нохойгоор үнэртүүлэн сонгон олуулна.

Том тасалгааг голлуулан үнэрийн дээж бүхий шилнүүдийг тавилах ба учралын газраас бэхжүүлсэн үнэрийн мөрийг тэдэн дунд байрлуулна. Сургалтын явцад нохойг, түүнд үнэртүүлсэн үнэртэй адил үнэр илэрсэн тохиолдолд экспертэд мэдээлэхэд сургадаг. 4 хөлт мэргэжилтэн эрж буй үнэр бүхий шилээ олмогц дэргэд нь сууна. Үүний нь төлөө түүнийг амттанаар шагнана. Гэвч нохой шаардлагатай үнэрийг олохгүй байж ч болно. Түүнээс зориуд худал мэдүүлэг өгөхгүй байхыг шаардаж болдоггүй. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө амттанаар шагнуулна гэдгээ нохой сайн мэднэ. Хэрэв хайсан үнэрээ олохгүйд хүрвэл нохой аль нэг шилний дэргэд сууж олсон дүр эсгэнэ. Гэвч хүн удирдаж буйн хэрэг юу билээ, туршлагатай сургагч нохой мэхлэхийг завдасныг шууд мэдэрч, мэхлэгчийг өрөөнөөс гарган үнэр бүхий шилнүүдийн байрыг сольж тавиад, өөр нохойгоор үнэртүүлнэ. Хэрэв хэд хэдэн ноход нэг үнэрийг итгэлтэйгээр сонгож байгаа бол эерэг үр дүнд хүрлээ гэж үзнэ. Энэ үндсэн дээр экспертийн дүгнэлтийг бичиж эрүүгийн хэрэгт нотлогоо болгоно. Гарын мөрнөөс ч илүү итгэлтэй дүгнэлт байх нь олонтаа.

Үнэртэх чадвар ганц нохойд ч биш, гахай, үхэр оготоно, зарим төрлийн загасанд ч байдаг байна.

Үнэр судлалын экспертизийг анхандаа жадлан угтаж байжээ. Үл итгэгчид: “хэн нэгэн рүү нохой хуцсаны төлөө түүнийг шийтгэх хэрэг үү?, нохой эрэн сурвалжлахдаа л туслаж байг, нотлогоог нохой олно гэж ч байдаггүй хэрэг ээ” хэмээн шуугиж байв.  Гэвч 1986 онд Москвад үнэрийн мөрний экспертизийг анх ашиглажээ. Энэ талаар үйл явдлыг 2 оролцогч; профессор Сергей Самищенко,   Клим Тимофеевич Сулимов нар ярихдаа: Самищенко тэр үед Петровка-38[1] дээр жижүүрт гардаг байжээ. Нэгэн өглөө “Волга” машины урд суудлын хооронд хүн алж орхисон хэргийн газарт дуудлага аван очсон гэнэ. Алуулсан хүн машины эзэн байсан бөгөөд дагзны баруун хэсэгтээ цөм цохиулсан байв. Хохирогчийг машинаа барьж явахад нь хатуу, мухар зүйлээр толгой руу нь цохисноос үхсэн нь тодорхой болсон тул алуурчийг жолоочийн арын суудалд сууж явж гэж үзлээ. Гэвч тэнд бензиний канистр хэвтэж байсан тул машинд нил бензин үнэртэж байв. Самищенко арын суудал дээрээс үнэр илрүүлэхийг санал болгосон ч Петровкагийн ажилтнууд эргэлзэж байв. Тэгэхэд нь Сулимовыг дуудуулж Клим Тимофеевич дээр нь канистр хэвтэж байсан суудлыг оруулан бүх суудал дээрээс үнэрийн мөр бэхжүүлж авчээ. Автомашины сэлбэг худалддаг байсан хохирогч амьд сэрүүндээ П гэгчтэй муудалцсан байсан болохыг тогтоосны дараа Сулимовын зөвлөснөөр бүх сэжигтэн этгээдүүдээс үнэрийн мөрний дээж авчээ. Үзлэгийн үеэр бэхжүүлж авсан үнэрийн мөрийг дээж үнэртэй харьцуулан шинжилж, жолооны ард чухам мөнхүү П сууж явсан болохыг тогтоожээ. П-г баривчлан үнэр судлалын экспертиз явуулж Москвад анх удаа үнэрийн мөрийг нотлогоо болгон ашиглажээ. Түүнээс өмнө бол хуучны мөрдөн байцаагчдад бензин ханхалсан суудал дээрээс “өөр” үнэр илрүүлж авч болно гэж хэлбэл түүнийг мэдрэлийн эмнэлэг рүү явуулах байсан биз. 

 

Клим Тимофеевичийг дэд эрдэмтний зэрэг хамгаалахад түүнд докторын зэрэг хамгаалах санал тавьсан боловч үүнд цаг их зарах байсан тул ноходтойгоо ажиллах гэж Сулимов татгалзжээ.

— Клим Тимофеевич, биоилчлэгч-нохойн гайхалтай боломжийг юугаар тайлбарладаг юм бэ?

- Түүний биологийн онцлогоор. Нохой үнэртэх өндөр чадвартай. Нохой лабораторийн биш, ердийн нөхцөлд ажилладаг шүү дээ. Нохой гэдэг чинь ер нь юу юм бэ? Энэ бол гэршсэн араатан. Араатан амьтан ердийн нөхцөлд өөртөө ямар нэгэн нөхцлийг яаж бий болгож чадах вэ? Яаж ч биш. Жишээлбэл, араатан гургуулын мөрөөр явж байна гэж бод л доо. Гургуулын замд төрөл бүрийн хорхой шавьж таарч гишгүүлнэ. Нөгөө араатан энэ олон үнэрэн дотроос мөрөөр нь явж буй гургуулыг ялгах шаардлага гардаг. Ер нь байгалд ийм явдал байдаг: хэрэв араатан зулзган амьны мөрөөр явж байгаа бол түүний төөрүүлж, мөрийг нь алдагдуулахаар эх амьтан замыг нь хэрдэг. Эх амьтны оролдлого бүтэлтэй болох нь ховор. Араатан мөрдөж байгаа амьтныхаа араас л явдаг. Тэгж чадахгүй бол тэр араатан өнгөрөө. Хоёр туулайн араас тэр хэзээ ч зэрэг хөөдөггүй. Нэг өндгөн эсний ихрүүд байгалд олон байдаг. Жишээлбэл туулай, буга, хандгайн сүрэг дунд ийм ихэр хэд л бол хэд бий. Хэрэв араатан ийм ихрүүдийн мөрийг андуурах юм бол энэ нь түүний хувьд үхэлтэй адил. Харин генетикийн экспертизд ийм ихрүүдийн объекттой учирвал юу ч хийж чадахгүй мухарддаг. Би генетикчидтэй байнга толхилцдог юм, битгий гайхаарай.

- Юунд нь сэтгэл дундуур явдаг юм?

- Үнэр судлалд ажилладаг бид чинь генетикчидтэй байнга харьцах болдог. Бид генетикийг шууд эсэргүүцдэг. Бүх экспертизүүдийн дотроос хамгийн гарлагатай нь генетикийнх. Генетикийн анхны лабораториуд байгуулагдаж эхэлмэгц үнэрийг ад үзэж, нохдыг устгаж эхэлсэн. Гэтэл генетикчид ялагдал хүлээх нь олон. Жишээлбэл, Швецийн ГЯЯ-ны сайд Анна Линдийг хороосон хэрэг байна. Учралын газраас алуурчийн малгайг илрүүлсэн. Сэжигтэн этгээдийг баривчлах үед үнэр судлалын хамгийн энгийн экспертиз явуулж болох байсан. Энэ бол хүүхдийн л ажил шүү дээ. Гэтэл тэд Англиас 3 генетикчийг авч ирж, нөгөөдүүл нь шинжилгээ хийгээд нэг үс илрүүлснээс өөр юу ч хийж чадаагүй. Баахан хугацаа алдсанаас цаашгүй.

- Гэсэн ч үнэр судлалын экспертиз хир найдвартай вэ?

- Нохойд найдлагагүй хариулт гэж байдаггүй, нэг бол тийм, нэг бол үгүй гэсэн хариулт бий. Дараа нь, экспертизийг нохой биш, эксперт өөрөө явуулдаг. Хэрэв нохойг зөв сургасан, асуултаа зөв тавьж чадсан, нохойг жолоодох зөв тактикаа сонгож чадсан бол асуултыг шийдсээн гэж бод. Нохой чухам ямар үнэрээр ажиллаж байгааг мөрдөн байцаагч хянадаггүй, нохой мөрийг цуглуулсан мөрдөн байцаагчийн үнэрээр ч бас л гайхамшигтай ажиллаж болно. Тиймээс хэрэв бүгдийг зөв хийж чадвал ямар ч алдаа гарах боломжгүй.  

- Тэсэлгээ хийж хомроголон алсан тохиолдолд учралын газарт ямар мөр илрүүлж болохыг одоо бүгд л сонирхох болж. Тэгээд ямар ч мөр олохгүй гэж тооцож байгаа. Биднийг болохоор нүд хуурах гэж тайвшруулаад байдаг.

- Бүгд л үр дүн харж, бүгд л юу хийхээ мэдэхээ больчихоод байгаа. Олж чадаж байгаа ганц юм нь юуг тэсэлсэн болох. Тэсрэх төхөөрөмжийн төрлийг ч муугүй тогтоож байна. Цаана нь хохирогчдыг ярилгүйгээр, үйлдсэн этгээдүүдийг тогтоох асуудал байдаг. Тэсрэлтийн голомтын төвд маш өндөр дулаан үүсдэг. Тиймээс бүх мөрдөгчид тэсрэх бодисын төрлийг нохойн тусламжтайгаар тогтоож болох эсэхийг сонирхдог. Учир нь зарим тохиолдолд химийн экспертизд материал хүрэлцдэггүй. Бүх зүйл шатаж, хол шидэгддэг. Бид маш энгийн нэгэн туршилт хийсэн. Тэсрэх бодис /ТБ/ илрүүлэхэд нохдыг сургаж байх үед заримдаа бага сага зүйл үлдсэн байдаг. Бид ТБ, поролон дүүргэсэн чемодан авч полигон дээр очлоо. Чемоданы бариулаас нэг хүнээр бариулж үнэрийг нь үлдээсэн. Дараа нь чемоданыг хол аваачаад тэслэгч /шашка/ хийж тэслээд юу үлдсэнийг нь үзэхэд, мэдээж тал бүр тийш үсэрсэн байсан. Полигон дээр өтгөн өвстэй байсан тул 15 минут орчим эрж байж бариулыг олсон. Хотод үйлдсэн алан хядах ажиллагааны үед бол бариулыг илрүүлэх нь полигон дээрхээс амархан шүү дээ. Бариулыг тугалган цаасанд боож битүүмжилсэн. Бид лабораторит ТБ-ийн болон бариулан дээрх хүний үнэрийн мөрөөр 2 экспертиз хийх хэрэгтэй байсан. Бид хяналтын объектыг бэлдсэн байсан нь: асаагуураар шатаасан, яг ижил чемоданы бариул болон тэсэлгээний газраас авч ирсэн бариул 2 байлаа. Туршилтанд 2 төрлийн нохой ашигласан. Эхний ноход полигоноос илрүүлсэн бариулыг шууд сонгож байв. ТБ-ын төрлийг тодорхойлохдоо тодорхой төрлийн бодисонд тухайлан сургаагүй, өгсөн зүйлийг үнэртдэг нохдыг сонгосон юм. Ингэхийн тулд туршилтын явцад бидний ашигласан ТБ-ыг үнэртүүлсэнд ноход эргэлзээгүйгээр сонгож байсан. Эцэст нь тэсэлгээг үйлдсэн хүний үнэрийг туршсан. Ган уяа хайлсан өндөр температурт хүний үнэр үлдэх нь юу л бол гэж бодож байсан юм. Бид нохойд нөгөө хүний үнэрийг үнэртүүлээд, полигоны загварыг тавихад нохой огт эргэлзээгүйгээр сонгож байлаа. 

- Бид хоёр дандаа л “үнэр, үнэр” гэж ярилаа. Учралын газарт их цус байх тохиолдол байдаг. Нохой цусаар үнэр авч чадах болов уу?

- Давтагдашгүй үнэр гэдэг бол тосны зарим хүчлүүдийн нийлбэр байдаг. Гэтэл цусанд яг тэр нийлбэр, тэгэхдээ гадны элдэв үнэрийн хольцоогүй байдаг тул биеийн гадна үнэрээс илүү хурц байдаг болох нь тогтоогдсон. Тосны хүчлүүдийг өөрөөр “исгэлэн липид” гэдэг. Цус хатмагц уураг цусыг ямар ч үнэр гаргахгүйгээр хучиж битүүмжилдэг. Нохой түүнийг мэдэрдэггүй. Харин норгох юм бол нохой дахин үнэртэж эхэлнэ. Хамгийн сонирхолтой нь ийм хэлбэрээр нь цусыг хэдэн арван жилээр ч хадгалж болдог. Бүх бодис нь консервлосон хэлбэрээр байж байдаг. Тиймээс цусны сан байгуулж, шуудангийн дугтуйд хадгалж болно. Үүнийг бид ДЯЯ-ны лабораторит туршилтаар батласан. Олон жилийн туршид дусал цус хэрэг болох төдийд манай ажилтнууд бичил донорууд байсан. Ийм загвартай хэрчим марлийг хэдэн арван жил хадгалсан. Бидний цуглуулгыг хаях гэхэд нь бид яах гэж? гэсэн. Зарим донорууд одоо ч амьд сэрүүн байгаа. Жишээлбэл, 15 жилийн өмнө цусны дээжээ өгч байсан манай нарийн бичгийн дарга одоо ч амьд байна. Бид түүнээс үнэр авч цуглуулган дахь загвартай харьцуулахад түүний адил болохыг нохой тов тод ялгаж байсан.

Ингэхэд толгойгоо угаагаагүй үед үсэнд ч мөнхүү тосны хүчил хадгалагдаж байдаг. Бид маш сонирхолтой нэг баримт тогтоосон. Ноход банди нарыг ялгах нь амар, охидуудыг ялгахдаа муу болох нь тогтоогдсон. Эхлээд бид охидууд толгойгоо байнга угаадаг болохоор нь тэр байх гэж бодсон. Гэтэл үгүй байсан. Цаашдаа бүр сонирхолтой зүйл тогтоогдсон нь: Хуурай цус дор нь буй бүхнийг хучиж тусгаарладаг болохыг тогтоосон. Грушакевич гэгчийг алсан хэрэг гарсан юм. 2 найз архидаад, нэг нь алхаар нөгөөгөө цохиж алсан байсан. Алуурчныг саатуулахад тэрээр ямар ч нотлогоо байхгүй байхад ял тулгалаа хэмээн зарга үүсгэсэн. Уг үйл явдлаас хойш жилийн дараа илрүүлж хураасан алхыг мөрдөн байцаагч бидэнд ирүүлсэн. Бид мэдээж, итгэлтэй биш байсан. Хохирогчийн цус бариулыг будсан байсан бөгөөд бид түүнийг норгохоор шийдлээ. Бидэнд хохирогч болон алуурчийн үнэрийн дээжийг ирүүлсэн байсан. Тэгээд ноход бүгдийг нь олсон доо. Хүн алах үед барьсан хүний үнэр бариул дээр, цусан дор үлдсэн байсан. Генетикчдэд уургийн нэгдэл хэрэгтэй. Тэр нь байхгүй, байлаа ч бүх зүйл холилдсон ийм хэцүү даалгаврыг тэд биелүүлж чадахгүй. Харин нохойд бол ердөө л исгэлэн липид байхад л болоо, энэ нь маш энгийн зүйл.

- Дээр нь байгаа мөр цусан дор үлддэггүй тийм  материал байдаг болов уу?

- Манай ажлын хамгийн сүүлчийн нээлт. Исгэлэн липид хар гантай харилцан үйлчлэхдээ давс үүсгэдэг болохыг бид тогтоосон. Энэ давсан дээр илүү хүчтэй, жишээлбэл, лимоны хүчил үйлчлэхэд хүнийг тухайлан адилтгадаг, тосны хүчлийн нөгөө давтагдашгүй комплекс ялгарч гардаг. Цусанд будагдсан бууг хаа нэгтэй хаяж, түүнийг хэн барьсан, шүргэсэн тухай бүхий л мэдээллээ хадгалан хэвтсээр байдаг. Скорочкиныг алсан хэргийг санаж байна уу? Цогцсыг хийсэн шуудайнаас гадна түүнийг гавлаж байсан гавыг бас илрүүлсэн. Манайхныг та нар үнэрийн экспертиз хийлгүүлэхээр гаваа яагаад ирүүлэхгүй байгаа юм бэ? гэж асуухад мөрдөн байцаагч нь: тэр төмрөн дээр сонирхолтой юу байдаг юм? хэмээн гайхаж байсан. Харин бид гаванд хүчлээр боловсруулалт хийж сэжигтэн этгээдүүдийн нэгнийх нь үнэрийг тогтоосон. Алуурч гавыг арын халаасандаа хийж явсан тул үнэр нь шингэсэн байсан. Алуурчны талаархи гаван дээр байсан мэдээлэл нь Скорочкины өөрийнх нь тухай мэдээллээс илүү байсан.

- Эксперт-нохой хүний хүйсийг ялгадаг болов уу?

- Ихэнхи ноход хүйсийг ялгаж чаддаггүй болох нь тогтоогдсон. Яагаад гээч? Эмэгтэй хүний үнэр эрэгтэй хүнийхтэй бараг адил боловч хавьгүй сул найрлагатай байдаг. Энэ бол биологийн онцлог шинж. Хэрэв эмэгтэй хүн, эмэгчин амьтан илүү үнэр ялгаруулбал араатнууд түүнийг устгачихна. Сүрэг үржихээ болино. Иймээс эмэгтэйчүүдээс үнэрийн мөр бараг үлддэггүй.

- Тэгвэл хүүхдүүдийн тухайд?

- Хүүхдүүд бол өөр өөр байдаг. Ингэхэд хүний хувь үнэр 10 сартайгаасаа бүрдэж эхлэдэг, тэр хүртэл эхийн үнэртэй байдаг. Гэвч энд, эмэгтэй хүнд байдаггүй, зөвхөн эрэгтэй хүнд байдаг ийгрик-хромосом чухал үүрэгтэй байдаг бололтой, одоогоор бидний тогтоогоогүй байгаа ямар нэгэн нэмэлт зүйл гаргадаг байх. 

- Гэхдээ эмэгтэйчүүд хоёр икс-хромосомтой шүү дээ!

- Тэр үнэн. Энд сонирхолтой 1 юм бий. Одоо жирийн л чадвартай, энгийн нохдыг ашигладаг болж. Надад 37%-ийн цөөврийн цустай, эмэгтэй хүний үнэрийг сайн ялгадаг, Пихта гэдэг нохой байсан. Бас ¼ нь цөөвөр цустай Веда гэдэг нохой байсан нь эмэгтэй хүмүүсийн юмнууд дотроос эрэгтэй хүнийхийг, ямар ч сургалтгүйгээр, өөрөө ялгаж чаддаг болсон. Хэрэв тэр сонгосон бол энэ нь эрэгтэй хүнийх гэдгийг бид мэддэг болчихсон байсан. Нэгэн эмэгтэйг тоглодог дээсээр нь боож алсан хэрэг гарсан. Эхний удаад мөрдөгчид түүний бойфрендийг сэжиглэсэн ч нөгөөх нь хүлээгээгүй. Тэгэхээр нь бид дээсэн дээр эрэгтэй хүний үнэр байгаа эсэхийг тогтооё гээд үзэхэд тогтоогдоогүй. Тэгээд эмэгтэй найзуудынх нь дотор эрж, олж тогтоосон.

- Нохой өвчтэй хүнийг тогтоож чаддаг гэж үнэн үү? Үнэнээ хэлэхэд надад энэ талаар ой тойнд буухгүй юм.

- Сэжигтэн этгээдүүд шизофрени өвчтэй болж их баашладаг. Түүнийг тогтоох гэж хэдэн сарын ажил болдог. Буруу тогтоох нь ч элбэг. Бид гадна төрхөөрөө эрүүл хүнээс огт ялгарахгүй, нууц үедээ байгаа өвчтөний цуснаас дээж авч эрүүл хүмүүсийн дээж дотор тавин сонгон ололт хийлгэхэд нохой ямар ч төвөггүйгээр өвчтэй хүний цусыг “авч” байсан. Араатан амьтад өвчтэй амьтдыг сонгодог шүү дээ. Тундрын бугын сүргийг боохойнууд хомроголон ангуучлахдаа сүрэг рүү дөхөж очоод хуурамч довтолгоо хийдэг. Энэ үед бугын сүрэг хуйлран давхихад шинэхэн цасан дээрхи тэдний мөрөн дотроос боохойнууд өвчтэй бугын мөрийг дандаа сонгон мөшгидөг. Иймээс тэднийг санитарууд гэж нэрлэдэг. Нохой хүүхдийн хавдрыг /онкология/ сайн ялгадаг. Энд гайхаад байх юм огт үгүй. Уушигны үрэвслийг нохой битгий хэл эмч ч үнэрээр нь ялгачихаж чадна. АНУ-д жишээлбэл, эрхтэн шилжүүлэн суулгахад донорыг сонгоход нохойг ашигладаг. Харамсалтай нь биднийг Америкийн мэргэжилтнүүдтэй уулзуулаагүй. Гэтэл энэ нь хамгийн энгийн, зүй ёсны арга шүү дээ. Шизофрени өвчтэй хүмүүсийг тодорхойлохын тухайд би Сербскийн инситутэд хандсан. Нохойгоор маш шуурхай тодорхойлж болох тул тэдэнд амар шүү дээ. Шинжлэх ухааны хамаг өндөрлөгүүд цуглаад хэрэггүй гэсэн.

- Клим Тимофеевич, таны гаргасан цөөвөр-лайканы эрлийзийг яагаад үржүүлэхээ больчихсон юм бол, та юу гэж бодож байна?

- Ийм л цаг юм байлгүй дээ. Одоо чинь гол зорилго нь орлого болж. Тэр нохойг үржүүлэхэд мөнгө орно, маргааш хэрэг болно гэж ойлгоод өнөөдөр хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Хотын удирдах газрын ганц нохойн байрыг 15 жил барьсан, тэгэхээр яах билээ дээ. Нохойн тусламжтайгаар мөр үүссэн хугацааг тогтоож эхэлж байна. Энэ бол илүү хэцүү аргачлал, гэсэн ч бид 10 жилийн өмнөөс оролдож эхэлсэн. Хэрэв бид ийм зорилго тавьсан бол их л зүйл хийх байсан, одоо ТБ гол зорилго болж. Мэдээж хэрэгтэй л байлгүй яахав, гэхдээ энэ чинь хүнд нохойны, зөв хэлбэл үнэрийн тухай шинжлэх ухаан-одорологийн өгч чадах зүйлийн нэг өчүүхэн хэсэг нь юм шүү дээ.

 

Олз хөөцөлдсөн бид юунаас татгалзаж байгааг төсөөлөхөд ч бэрх. Шинжлэх ухаан өдөр тутмын хэрэгцээнээс урьтаж явдгийг сайн бодвол бид ирээдүйгээсээ татгалзаж байна. Би хуулийн чиглэлийн нийтлэл олон жил бичихдээ, одорологи гэдэг шинжлэх ухаан байдаг гэж сонссон. Клим Сулимов гэгч гайхалтай хүний тухай надад экспертизийн тухай цуврал нийтлэлийн эхлэл болсон, профессор Сергей Степанович Самищенко ярьж өгсөн юм. Нууцын тухай шинжлэх ухаан-криминалистикт бүх амьдралаараа тэмүүлэх халдварыг түүнээс авах тул Самищенкогийн оюутнуудад би маш атаархал төрнө. Харин Клим Тимофеевивич Сулимов бол шинжлэх ухаанд бүх л амьдралаа зориулсан хүн бөгөөд, залхуу, шинжлэх ухаанаас эргүүтсэн амьтдын хамгийн аюултай эх сурвалж. Дашрамд хэлэхэд харанхуй бүдүүлэг байгаад ч орлого олохгүй. Нохдыг зөв сургавал юунд ч ашиглаж болно. Жишээлбэл, нохой гоо сайхны хуурамч барааг жинхэнээс нь амархаан ялгачихна – Польшид үүнийг ашиглаад нилээд удаж байна. Хүний эрүүл мэндэд хортой хүнсний зүйлийг нохой мөн л амархаан олчихно. Энэ мэтчилэн цааш явбал энэ бол жагсаалтын ердөө л эхлэл нь. Дэлхий дахинд одорологи нь криминалистикийн нэгэн алба болон хөгжөөд удаж байна. Харин бид анхдагчид нь байж тэргүүлэх үүргээ бусдад тавиад өгчихөж. Үнэр судлалын экспертизийг сүүлийн үед шүүх нотлогоонд тооцдог болсон нь сайн хэрэг. Өнгөрсөн жилд Оросод ийм 1400 экспертиз хийсэн байна. Хохирогчид ч, сэжигтнүүд ч ийм жигтэй юмыг сонсож ч байсангүй. Мөрдөн байцаагчийг ч гайхашруулж байгаагаас цааш тэдэнтэй ч юу ярих билээ дээ. Харамсалтай хэрэг. Ингэхэд алдарт Пенковскийг үнэрийн “урхи”-аар илчилсэн. Аль эрт гарсан хэрэг шүү дээ...

Хамгийн сүүлд нь Клим Сулимов надад юу гэсэн гээч? Шакалайкууд (түүний гаргаж авсан эрлийз нохойг хүмүүс ингэж нэрлэдэг болсон гэнэ) шувууны хүйсийг тодорхойлж чаддаг гэнэ. Туршилтаар хээрийн болон хотын болжморыг авчээ. Хээрийн болжморын эр, эмийг адил өнгөөр, хотын эр болжморыг зангиатайгаар будсан байна. Иймээс ухаант ноход хатагтайг жээнтэльмэнээс хэзээ ч ялгаж чадна гэдгийг эрдэмтэд одоо мэдэхтэйгээ болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



[1] Петровка-38 – Москвагийн цагдан сэргийлэхийн эрүүгийн эрэн сурвалжлах албаны удирдах газрын гудамжны нэр, байшингийн дугаар. Орч. 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-01-08 - Хорт үйлийн үнэр

Бичсэн: gerelsukh
гайхалтай
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 19 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax